Азийн бар, Азийн Америк гэгддэг Тайвань улсад манай улсаас 1000 орчим залуу суралцдаг албан бус тоо бий. Харин сайны хажуугаар саар гэгчээр Тайваньд ч чанаргүй их дээд сургууль байдаг. Гадаадад л сурч байвал хаана ч байсан яах вэ, гадаадад л сурсан хүн мундаг гэх төөрөлдсөн бодолдоо автаж, зуучлалын байгууллагаар зуучлуулаад “хулхидуулсан” Монгол хүний тоо их.
Тайвань улсад 100 гаруй их дээд сургууль байдаг ба хувийн сургуулиуд нь үзүүлэлтээрээ хойгуур жагсдаг. Хувийн сургуулиуд нь татан буугдахгүйн тулд ядуу буурай орнуудаас анкетаар оюутан элсүүлдэг. Өөрөөр хэлбэл тавигдах шаардлага байхгүй гэсэн үг. Тиймээс хэрвээ та Тайвань улс руу суралцахаар төлөвлөж буй бол доорх зүйлсийг анхаар.
1. Сургуулийнхаа ранкийг судал. Хэддүгээрт байна вэ? Сүүлд байх тусмаа хатуу хэлэхэд “дампуу”.
2. Аль болох улсын сургуульд суралцаарай.
3. Сургуулийнхаа сар бүрийн тэтгэлэг, ямар дүрэм журамд захирагддаг, онооны систем гэх мэт бүгдийг судал.
4. Олон улсын оюутнууд хэр их суралцдаг вэ?
5. Дотуур байрны үнэ, чанар
6. Хэрвээ зуучлалын байгууллагаар зуучлуулж байгаа бол сургуулиас ирсэн албан ёсны мэйл хаяг, танилцуулга, дүрэм журмаа заавал унш. Зуучлалын байгууллагууд сар бүр авах стипэнтний хэмжээ, сурах анги, тэнхим, тэтгэлэгт юу юу хамрах талаар дутуу эсвэл худал мэдээлэл өгдөг. Тиймээс зуучлалын байгууллагаас өгсөн мэдээлэл бүрийг нь нягталж, баталгаажуулаарай.
7. Зуучлалын байгууллагууд өндөр хөлс авч зуучилдаг. Гэтэл тэдний хэрэг үнэндээ байдаггүй. Учир нь тэд таны өмнөөс сургууль уруу чинь мэйл бичиж, анкет л бөглөдөг. Тиймээс хүссэн сургууль уруугаа өөрөө холбогдоод шалгалт өгөх бол өгөөд, мэйл бичих бол бичээд, анкетаа бөглөөд л болчихно. Та 1-3 сая төгрөг зуучлалын байгууллагад төлөх албагүй гэсэн үг.
8. Зуучлалын байгууллагын өгсөн мэдээлэл бүрд итгэж, Тайваньд очоод хохирсон олон Монгол бий. Тиймээс мэдээлэл бүрд нь бүү итгэ. Өөртөө найдаж, өөрөө мэдээлэл цуглуулж үнэн зөв мэдээлэлтэй болсон хойноо Тайвань уруу яваарай.