Монгол улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын том хүүд халиун буга, аргаль агнах зөвшөөрөл агнасных дараа олгосон тухай нийтлэл Propublica –д нийтлэгдсэн билээ. Энэхүү нийтлэлийг Монголын эрэн сурвалжлах сэтгүүлч Т.Ананд Propublica-ийн сэтгүүлчтэй хамтран бичжээ. Бид сэтгүүлч Т.Анандтай уулзаж нийтлэлийнх нь талаар товч тодрууллаа.
Нэн ховор буюу улаан номд орсон амьтныг агнах зөвшөөрөл жил бүр квотоор гардаг. Гэхдээ агнах юм бол нэн ховор гэж тодотгох ямар шаардлага байдаг юм бол?
Тухайн амьтны нөөцөөс хамаарч, нас биед хүрснийг агнаж болно гэж үздэг. Гэвч мэргэжлийн судлаачийн хэлж байгаагаар ихэнх зэрлэг амьтад буюу 70-80 хувь нь нас бие гүйцдэггүй. Гэтэл агнах боломжтой, нас биед хүрсэн хэдэн Аргаль байгаагаа манай Засгийн Газар, Байгаль орчны яам мэдэхгүй. Өөрөөр хэлбэл агнаж болох хэчнээн Аргаль, Угалз байгаагаа мэдэхгүй байж алаад байна гэсэн үг.
Бас нэг асуудал нь нэн ховор амьтдаас цөөн хэдийг мөнгөөр агнуулах, тэр орлогоо тухайн орон нутагт болон ан амьтныг хамгаалах ажилд зарцуулах хуультай. Монголын мэдээллүүдийг харвал энэ орлого улс төрч, бизнес эрхлэгчдэд очдог тухай байсан.
Доналд Трампын хүүгийн агнасан Аргаль, Угалзны мөнгө хаашаа орсон бол?
Энэ мэдээллийг олоход их хэцүү байсан. Одоо хүртэл олж чадаагүй байна.
Доналд Трампын хүү Х.Баттулга Ерөнхийлөгчтэй уулзсан юм билээ. Харин ан агнах зөвшөөрлийг БОАЖЯ-аас авсан уу?
Х.Баттулга Ерөнхийлөгчтэй уулзаж, юу ярьсан талаар надад мэдээлэл алга. Харин ан агнах зөвшөөрлийг БОАЖЯ өгдөг. Тухайн жилдээ тэдэн Тэх, тэдэн Угалз агнана гээд квот гаргадаг. Гэтэл энэ квот бүхий тоо нь жил ирэх тусам өсөж байгаа. Жишээ нь 2019 онд 79 Угалз агнах квот гарсан байсан нь 86 болж өөрчлөгдсөн.
Манай улсад 1970-1980 онд 50-60 мянга гаруй Угалз байсан, харин 1990-ээд онд энэ тоо 15 мянга болж Угалзийн тоо толгой цөөрсөн юм билээ. Угалз ихэвчлэн баруун аймгуудад бий. Гэтэл энэ нутгаар хамгийн их цөөрсөн. 2009 онд хамгийн сүүлд манай улс нэн ховор амьтдаа тоолсон. Тэр тооллогоор 18 мянган тоо толгойн нөөц байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгээд энэ цаг мөчөөс хойш ангийн зөвшөөрөл олгох гэх мэтээр хууль эрх зүйн орчноо сайжруулсан ч яг ангийн нөөц нь хэд юм, биологийн нөөц буюу үржлийн тухай мэдээлэл гэх мэт судалгааны хувьд, хуулийн хэрэгжилтийн тал дээр маруухан. Яг жилд хэчнээн ан хийж болох талаарх мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт огт байхгүй.
Аргаль, Угалзны тоо толгойгоо бид огт мэдэхгүй гэсэн үг юм байна, тийм үү?
Ийм төрлийн судалгааг хийхэд хэцүү, амаргүй. Албан ёсоор 18 мянга гэсэн тоо явж байгаа. Гэвч энэ нь 2009 оны тооллого. Тэгээд ТББ, амьтны эрх ашгийг хамгаалах байгууллагууд тооллого хийж, судалгаа явуулъя гэхээр төсөв санхүү байхгүй. Төр дэмждэггүй юм билээ. Судлаачид илүү сайн хэлж өгөх байх.
Энэ сэдвийг хөндөх болсон хамгийн том шалтгаан, асуудал нь юу вэ?
Агнаж болох амьтныхаа тоо нөөцийг бүрэн судлаагүй байж, агнуулаад байгаа нь асуудал.
Аргаль, Угалз агнах зөвшөөрлийг хэдэн төгрөгөөр худалдаж авдаг юм бэ?
24 мянган доллараас 50 мянган доллар гэсэн мэдээлэл олсон.
Нийтлэлдээ Доналд Трампын хүүг онцолсон нь ямар учиртай вэ? Дэлхий түүнийг мэдэх учраас уу?
Ер нь бол тийм. Гэхдээ хүмүүс үүнийг буруу ойлгоод байна. Энэ хүн бол АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү мөн. Гэхдээ энгийн, хувь хүн. Дипломат хүрээний хүн биш. Гэтэл энэ хүнд дипломат хүрээний үйлчилгээг манай улс үзүүлсэн нь бидний татварын мөнгийг л үрж байгаа хэрэг л дээ.
Доналд Трампын хүү ан агнасныхаа дараа зөвшөөрөл авсан байсан шүүү дээ?
Тийм. Уг нь бол манай улсын ан агнуурын тухай хууль хатуу боловч, хэрэгждэггүйийн жишээ. Энэ асуудлаар БОАЖЯ-аас ерөнхий мэдээлэл авах гэж үзсэн боловч одоо хүртэл өгөөгүй. 2019 оны 11-р сарын 06-нд БОАЖЯ-ны мэргэжилтэн н.Номин-Эрдэнэ гэж хүнд хандсан. Тухайн үед гадаадад явж байна, эргээд хариу өгье гээд өгөөгүй л байна даа.
Нийтлэлийг Англи хэл дээр унших бол
https://www.propublica.org/…/trump-inc-podcast-donald-trump…