
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 18:00 цагт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын NCUK-тэй МУИС санамж бичиг байгуулж Монголын оюутнууд Их Британи, Австрали, Шинэ Зеланд зэрэг Улсын NCUK-ийн түншлэлийн сүлжээнд багтдаг 100 орчим их сургуульд, 2+2 хөтөлбөрөөр суралцах боломжийг нээж байна.
NCUK байгууллагын бүрэлдэхүүнд дэлхийн шилдэг 100 их дээд сургуулиудын жагсаалтад ордог 11 их сургуулиуд багтдаг.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд МУИС бизнесийн санал боловсруулан хүргүүлж, хөтөлбөрөө сонгон, оюутны элсэлтийг зохион байгуулна. Эхний ээлжид тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцуулахад анхаарч ажиллаж байна.
Ингэснээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 215 тогтоолоор баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-аар 2+2 санхүүжүүлэх боломж бүрдэж байгаа юм.




Одоогийн байдлаар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Монгол Улсын 600 орчим оюутан суралцаж байна. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлт хөтөлбөрөөр 75 оюутан, Боловсролын зээлийн сангийн зээлээр 52 оюутан, буцалтгүй тусламжаар 1 оюутан тус тус суралцаж байна.










