
Өнгөрсөн сарын сүүлээр Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг Сингапурын засгийн газар шинээр төрсөн хүүхэд бүрд 17 нас хүртэл нь нийт 70 мянган сингапур долларын санхүүгийн шууд дэмжлэг үзүүлэхээр болсон талаар мэдэгдсэн билээ. Үүнд хүүхэд төрсний дараа олгох 10 мянган сингапур доллар, хүүхдийн эрүүл мэнд болон боловсролд зарцуулах 10 мянган сингапур доллар, 16 нас хүртэл жил бүр олгох 2 мянган сингапур долларын дэмжлэг мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үнийг сарын 150 сингапур доллар болгон бууруулсан явдал, амаржсаны амралтын хугацааг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд багтаж байгаа аж.
Энэ сард зах зээлийн судалгаа шинжилгээ хийдэг YouGov компаниас сингапурчуудын дунд явуулсан санал асуулгаар гэр бүл зохиож, хүүхэд гаргах насныхан буюу 18-44 насныхны 22 хувь нь хүүхэдгүй ч ирээдүйд хүүхэд гаргах хүсэлтэй, 18 хувь нь хүүхэдтэй болохыг хүсдэг, 9 хувь нь дахиж хүүхэдтэй болохыг хүсдэг гэсэн үр дүн гарчээ. Харин тэдгээрийн 23 хувь нь хүүхэдгүй мөн ирээдүйд ч хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Хүүхэдтэй болохыг, дахиж хүүхэд гаргахыг хүсэхгүй байна гэж хариулсан иргэдийн 51 хувь нь Сингапурт хүүхэд өсгөх зардал асар өндөр гэсэн шалтгааныг онцолсон бол 30 хувь нь засгийн газрын ямар ч бодлого тэднийг хүүхэд төрүүлэх хүсэлтэй болгож чадахгүй гэж хариулжээ.
Нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоогоороо Сингапур улс Өмнөд Солонгос, Тайвань, Хятад зэрэг орнуудын хамт сүүл мушгиж байгаа билээ. Хүн амын хэвийн өсөлтийг хангахад нэг эмэгтэйд багадаа 2.1 төрөлт ноогдох ёстой бол тус улсад нэг эмэгтэйд 0.87 төрөлтийн тоо ноогдож байгаа нь Сингапурын хувьд томоохон асуудал болоод байгаа юм.
Эх сурвалж: The Guardian










ард иргэдийнхээ төлөө хийж бүтээж хөгжил дэвшилд хүрсэн баян улс орон сайхан юмаа, монгол шиг иргэдийнхээ ногдол ашгийг авна гээд байхгүй юм.