
Монголын уламжлалт хүндэтгэлийн зоог хорхгийг дэлхийд сурталчлах зорилгоор 1000 тогооч нэгэн зэрэг 1000 тогоонд хорхог хийж, Guinness World Records-д бүртгүүлжээ. Энэхүү арга хэмжээ Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд болж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хүрээнд болсон байна.
Хорхгийг Гиннесийн дээд амжилтад бүртгүүлэх санаачилгыг Монголын Тогооч нарын холбоо 10 орчим жилийн өмнө гаргаж байжээ. Энэ жил санаачилгаа хэрэгжүүлж, “Хамгийн олон хүн нэгэн зэрэг хорхог бэлтгэсэн” ангиллаар дэлхийн дээд амжилт тогтоосон байна. Үйл ажиллагааг Guinness World Records-ийн олон улсын шүүгчид газар дээр нь хянаж, шаардлагыг баталгаажуулжээ.
Хорхог нь хонь, ямааны махыг галд улайсгасан чулуугаар битүү жигнэж болгодог монголчуудын уламжлалт зоог юм. Зохион байгуулагчид уг арга хэмжээгээр үндэсний хоол, нүүдэлчин ахуйг олон улсад сурталчилж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхийг зорьжээ.
Видео үзэх









