
Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний долоон сарын урьдчилсан гүйцэтгэлээр 42.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 56.7 хувиар өсжээ.

Үйлдвэрлэлийн өсөлтийг уул уурхай, олборлох салбар голлон бүрдүүлсэн байна. Тус салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 68.1 хувиар өсөж, металлын хүдэр болон нүүрсний олборлолт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхайн гол бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл өсөлттэй байсан бол газрын тос, цэвэршүүлээгүй алт, цайр, мөнгөний баяжмалын үйлдвэрлэл буурсан байна. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт металл бэлдэц, цемент, самнасан ноолуур зэрэг зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэн ч мах, катодын зэс, янжуур тамхи зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурчээ.
Аж үйлдвэрийн салбарын борлуулалт мөн 65.3 хувиар өсөж, 48.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Борлуулалтын өсөлтийг уул уурхайн салбар голлон бүрдүүлж, гадаад зах зээлд гаргасан аж үйлдвэрийн бүтээгдэхүүний дийлэнхийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлжээ.
Мөн улирлын нөлөөллийг арилгасан аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн индекс долдугаар сард өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өссөн байна.
Ийнхүү оны эхний долоон сарын байдлаар аж үйлдвэрийн салбарын өсөлтөд уул уурхайн үйлдвэрлэл, тэр дундаа металлын хүдэр болон нүүрсний олборлолтын өсөлт голлон нөлөөлсөн бол боловсруулах үйлдвэрлэлийн салбарт бүтээгдэхүүн тус бүрийн өөрчлөлт харилцан адилгүй байжээ.


Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо









