
Үндэсний их баяр наадмын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам өнөөдөр төв талбайд боллоо. Энэхүү арга хэмжээ нь Монгол үндэсний хувцас, уламжлал, биет болон биет бус соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн өвлүүлэх, олон улсад сурталчлахын зэрэгцээ аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зорилготой юм.
Энэ жилийн наадамд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл оролцсоноос гадна Монгол туургатны төлөөлөл болох БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ордос хот, Шилийн гол аймаг, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсаас хүрэлцэн ирсэн зочид үндэсний хувцас, соёлын өвөө танилцууллаа.
Наадмын жагсаалд Халх, Буриад, Өөлд, Дөрвөд, Баяд, Захчин, Мянгад, Дархад, Урианхай, Торгууд, Хотон зэрэг олон ястны төлөөлөл өөр өөрсдийн онцлог хийц бүхий үндэсний дээл хувцсаараа гоёж, өв соёлын өнгө төрхийг харуулсан юм.
Оролцогчдын дунд дэлхийн буриад эмэгтэйчүүдийн холбооны гишүүд буриад үндэсний хувцсаараа ижилсэн ирж, тойрон зогсон “Гамнаарай” дууг дуулж, монгол түмэндээ сайхан наадах ерөөлийг өргөлөө.
Дэлхийн буриад эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ч.Ариунжаргал “Зөвхөн залуу үе ч биш, миний үед хүртэл өв соёл, түүх, үндэс угсаагаараа бахархах бус, ичиж явсан үе бий. Харин өнөөдөр бид соёлоороо бахархдаг болсон. Хүү маань буриадаар ярихад шоолдог байсан бол одоо хамтдаа төрөлх хэлээрээ ярилцдаг болсон. Жил бүр “Дээлтэй Монгол” наадамд оролцогчдын тоо нэмэгдэж, хүмүүс үндэсний хувцас, соёлоо улам илүү эрхэмлэж байгааг харахад үнэхээр бахархал төрдөг” хэмээн ярьсан юм.
Жагсаалыг олон улсын хүүхдийн байгууллагын “Бяцхан мисс” тэмцээний оролцогч охид өнгөлж, тэдний араас дүүрэг, хороодын өв тээгчид болон ардын авьяастнууд үргэлжлүүлэн алхсан нь наадмын сүр жавхланг нэмэгдүүлэв.
Видео үзэх:










