
Бүгд найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ий Жэ Мёнгийн Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Айлчлал долоодугаар сарын 9-11-ний өдөр үргэлжлэх юм.
Айлчлалын нэгдсэн хөтөлбөр:
Ерөнхийлөгч Ий Жэ Мён Монгол Улсын Төрийн ордонд болох албан ёсны угтах ёслолд оролцсоны дараа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй дээд хэмжээний уулзалт хийнэ.
Үүний дараа хоёр улсын төрийн тэргүүн нар хэлэлцээр, Санамж бичиг солилцох ёслол, хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг танилцуулах болно.
Орой нь БНСУ болон Монгол Улсын Засгийн газар, бизнесийн төлөөллүүд оролцож, хоёр орны харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааны арга замыг хэлэлцэх “Солонгос-Монголын Бизнес форум”-д оролцож үндсэн илтгэл тавина.
7 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, тусгаар тогтнолын хөдөлгөөнийг дэмжиж байсан эх оронч Ий Тэ Жүний дурсгалын цогцолборт зочилсны дараа манай улсын (БНСУ-ын) иргэд, оршин суугчидтай өдрийн зоог барьж, уулзалт хийнэ.
Үргэлжлүүлэн, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нартай тус тус уулзаж, Солонгос, Монголын харилцааг хөгжүүлэхэд Монгол Улсын парламент, Засгийн газрын түвшинд хамтран ажиллахыг хүсэлтийг уламжлах болно.
Орой нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зохион байгуулах Төрийн хүндэтгэлийн зоогт оролцож, хоёр улсын удирдагчдын нөхөрлөл, итгэлцлийг гүнзгийрүүлэх болно.
Айлчлалын сүүлийн өдөр буюу 7 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт Монголын Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаанд хүндэт зочноор оролцоно. Үндэсний их баяр наадам нь Монгол Улс жил бүр томоохон улс орнуудын төр, засгийн тэргүүн нарыг хүндэт зочноор урьж оролцуулдаг, Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг тунхаглан тэмдэглэдэг үндэсний хэмжээний баяр бөгөөд манай улсын төрийн тэргүүн анх удаа уригдаж байгаа юм.
Монгол Улсад хийх төрийн айлчлалаас хүлээгдэж буй үр дүнгийн талаар
Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр: Монгол Улс бол Зүүн хойд Ази болон Евразийг холбосон стратегийн чухал зангилаа төдийгүй “Гуравдагч хөршийн бодлого”-д тулгуурлан манай улстай (БНСУ) хамтын ажиллагаагаа өргөжүүлж буй чухал түнш юм. Энэ нь манай Засгийн газрын “Шинэ Умардын бодлого”-той нийцэж байна.
Хоёр улсын төрийн тэргүүн нар харилцааны ирээдүйн алсын харааг тусгасан “Солонгос, Монголын харилцааны Алтан үе” хамтарсан тунхаглалыг гаргах бөгөөд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиох 2030 онд иргэд хоорондын солилцоог 500 мянгад хүргэх зэрэг зорилтууд нь олон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулна.
Эдийн засгийн бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр: Монгол Улс бол чухал ашигт малтмалын нөөцөөр баялаг бөгөөд манай улсын хөгжлийн туршлагыг өндрөөр үнэлдэг эдийн засгийн чухал түнш юм. Энэ удаагийн уулзалтаар худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ, чухал ашигт малтмал, хүнсний аюулгүй байдал, шар шороон шуургатай тэмцэх, эрүүл мэнд, шинжлэх ухаан технологийн салбарын хамтын ажиллагааг хэлэлцэнэ.
Түүнчлэн, “K-Lifestyle” буюу Солонгосын амьдралын хэв маягийн тархалт болон манай улсыг хөгжлийн загвараа болгож буйг харгалзан иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэх, Солонгосын тусгаар тогтнолын төлөө хүчин зүтгээ байсан Ий Тэ Жүний үйл хэргийг эрүүл мэндийн хамтын ажиллагаагаар залгамжлан хөгжүүлэхийг зорьж байна.
Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох түншлэлийн чиглэлээр: Монгол Улс бол Умард Солонгос (БНАСАУ)-той уламжлалт найрсаг харилцаатай байдгийн хувьд Солонгосын хойгийн нөхцөл байдалд хувь нэмэр оруулах дипломат нөөц бололцоотой бөгөөд манай засгийн газрын энх тайвныг тогтоох хүчин чармайлтыг идэвхтэй дэмждэг юм. Хоёр улсын удирдагчид бүс нутгийн хурцадмал байдлыг намжааж, Умард Солонгостой яриа хэлэлцээг сэргээх бодитой арга замыг эрэлхийлнэ. Жил бүр “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г зохион байгуулж буй Монгол Улстай бүтээлч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.









