
Монгол орны байгалийн тогтоц онцлогтой сайхан. Нутаг нутгийн уул толгод, байгалийн сайхан нь өөр өөр. Тэр дотроо Хэнтий нутаг ер өвөрмөц сайхан байгальтай. Уул, тал хослон үргэлжилсэн тал дундуур давхиулсаар Хэнтий аймгийг зорин очсоных нутгийн малчидтай энгийн яриа өрнүүлэхгүй байж боломгүй. Ингээд Тус аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян~Улаан сумын малчин, Аймгийн алдарч Уяач П.Хатанбаатар болон түүний гэргий Н.Энхээ нартай монгол ахуй, хурдан морьдын уяа сойлго, энэ их дундаршгүй ажлын талаар цөөн хором ярилцав.

Монгол наадмын өмнөхөн эгэл энгийн ахуйгаа, тэр дотроо нүүдэлчин өв соёлоо тээж яваа жирийн малчин, уяач хос хоёрыг онцлон ярилцлаа. Айлын эзэн П.Хатанбаатар энэ өвөл аймгийн алдарт уяач болжээ. Түүний аав нь хурдан морь уядаг мөн Монгол Улсын мэргэн цолтой харваач Тожилын үр сад буюу аймгийн алдарт уяач Т.Пүрэв хэмээх эгэлгүй хүн байж. Ийн аавынхаа үйл хэргийг залгамжлан, адуу малаа адгуулан “Аварга тосон” нуурын урдхан талд газрын сайхныг олж нутагласаар даруй 3 дахь жилтэйгээ золгож буйгаа хуучилсан юм.
Хэзээний өн болдог, хээрийн өвс сугсран ургадаг үржил шимт нутаг бол Хэнтий аймаг Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян~Улаан. Ийм сайхан нутагт сойсон хүлгийн шандас чангарахаас аргагүй байх даа хэмээн эрхгүй бодогдов.
Бидний зорин очсон хурдан морины нэгэн галд эв эеэ олж нөхөрлөсөн ахан дүүс, уяач нөхдийн баг нийлээд 5-6 цагаан гэр тал нутагт цайран байлаа. Тоссон гэрийн эзэд биднийг тосон зүүн талаасаа 3 дахь гэрт зочлохыг урилаа. Аймгийн алдарт уяач П.Хатанбаатарын гэргий П.Энхээ хэмээх ажилтай, шавхийсэн бүсгүй гарын цай, хоол болон угтан авлаа.
Ингээд зочидтойгоо ярилцан дараах сурвалжилгыг бэлтгэв.


Аймгийн алдарт уяач П.Хатанбаатар: Аавыгаа дагасаар моринд “гүн дурлаж”, Улсын мэргэн Тожил өвөөгийнхөө залгамж үр сад болж яваадаа үргэлж талархдаг
-Миний хувьд энэ өвөл аймгийн алдарт уяач болсон. Намайг Хэнтий аймгийн Хэрлэнбаян~Улаан багийн Тожилийн Пүрэвийн Хатанбаатар гэдэг юм. Өвөө маань сурын харвааны Улсын мэргэн цолтой хүн байлаа. Төрсөн ах дүү хоёр улсын мэргэн болж байсан. 1933 онд өвөө маань Улсын баяр наадамд түрүүлж, дараа жил нь 1934 оны наадамд төрсөн дүү Уламбаяр гээд хоёулаа улсад түрүүлж байсан юм. Манай аав зүүн бүсийн алдарт уяач Тожилийн Пүрэв гэдэг хүн байсан.
Энэ жил манай нутагт жаахан гандуу байлаа, саяхнаас л бороо хур ороод сайхан зуншлага болж байна. Миний ханийг Найдангийн Энхээ гэдэг. Бид хоёр 1994 онд л анх танилцсан даа. Одоо бид хоёр 3 сайхан хүүхэдтэй. Миний аав хурдан морь маш сайхан уядаг байсан даа. Манай гэргийг бид хоёр энэ Хэрлэнбаян~Улаан нутгийн уугуул улс.
Одоо том охины хүү буюу зээ хүү Э.Анар маань 3 настайгаасаа л хурдан морь унаж сурсан. Өвөөгийнхөө уяж байгаа бүх л насны морьдыг унаж уралдуулдаг юм. Манайх яг эндээ нутаглаад 3 дахь жилиийн нүүр үзэж байна. Ээ дээ, сайхан үүх түүхтэй нутаг даа.
Эртний түүх тамгатай Чингисийн онгон бий хэмээн түүхэндээ тэмдэглэгдсэн байдаг. Нууц товчооны 750 жилийн ойд зориулсан сайхан наадам манай нутагт зохион байгуулж байв. Морь уяна, уяа сойлгыг нь сайхан тааруулнаа гэдэг чинь тэгээд л баг хамт олны хамтын ажил. Сэтгэл санаа, үйл хэргээр нэгдсэн сайхан дүү нартайгаа хамтдаа ингээд нэг “Уяаны гал” болчихсон хамтдаа олон айраг, түрүү хүртэхийн ерөөлд өргөөд л хөдөлмөрлөдөг юм. Нэг “Уяаны гал”, гэр бүл, эхнэр хүүхэд, ач зээ, уралдаанч хүүхдүүд гээд бүх хүн л нэг үзүүртээ зүтгэж байж л сайхан амжилтыг гаргаж байгаа шүү дээ.


Гэргий П.Энхээ: Хань ижлээ морь уяхад нь бүх талаар нь дэмжээд ард нь залбираад сууж байдаг даа
-Бид хоёр танилцаад 1995 онд том охиин маань мэдэлж байлаа. 1996 онд тусдаа гарч, гэр бүл болсон доо. Анх энэ айлд бэр болоод ирэхдээ би сумын төвд амьдардаг байсан болохоор хөдөөгийн амьдралыг хагас хугас мэднэ. Гэхдээ жинхэнэ хөдөө гэдгийг энэ айлын бэр болоод л мэдэрч байсан даа. Манай хадам аав чинь Тожилын Пүрэвээ гэж хүн байсан. Хурдан морь сүрхий уядаг л айл байсан. Тэгээд л тэр цагаас хойш уралдаан алгасалгүй үзнэ, ард дэмжээд сууна.
Хүү маань хурдан морь унадаг байсан. Одоо зээ маань унаж уралдаж байна. Ер нь уралдаанч хүүхэд хамгийн чухал шүү дээ.
Манайх зусландаа энэ хавиар нутаглана, бог малаа малчин дээрээ орхиод, адуу, үхрээ аваад л энд ирж нутагладаг даа. Үнээгээ саагаад, сүү цагаан идээгээ боловсруулаад зочид гийчдийн хөлд их дарагддаг болохоор гарыг нь цагаан идээгээр цайлгана. Манай нутгийнхан голдуу морь уяна, зундаа баяр наадмын үеэр ажил ихтэй. Намраас л гүүгээ барьж саагаад, айргаа авна. Хөдөөгийн ажил амьдрал цаг наргүй ч малын буян их, сайхаан.
Мал, ахуйн ажлын хажуугаар ханийнхаа уяа сойлгын ажлыг чадлаараа л дэмжиж ирсэн. Ямар сайндаа л зүгээр суулгүй, хурдан буянгуудынхаа зүүсэн амжилтын медалиудыг ингээд сайхан суурийг нь оёж хатгаад, бэлдээд тавьчихдаг юм. Энэ чинь тэгээд л цаг цагтаа сайхан дурсамж, түүх өгүүлнэ шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.


Сэтгүүлч: А.Алтанчимэг
Зураглаач: Д.Төгөлдөр, Г.Дөлгөөн
Видео ярилцлагыг үзэх линк:









