
Улс, аймгийн цол мөрөөдөж, олон аавын хүү өвөл, хавар, зун, намрыг үл ажран бэлтгэлээ хийдэг. Цөөн хэдхэн нь л санасан цолондоо хүрч, ихэнх нь “Дараа жилийн наадам даанч хол байна даа” хэмээн нулимстай буцдаг. Тэдний нэг бол сумын заан Д.Содномдорж. Олон жил наадмаас нулимстай буцсан ч шантралгүй барилдаж яваа түүнийг гэргий Б.Балжингарам /romashka/-ынх нь хамт “Баавгайтай чихэр” нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа.
Үндэсний бөхийг амьдралаа болгож яваа залуусын ихэнх нь бааранд хамгаалагч, хүргэлтийн ажилтан гээд бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийж, уураг, витаминаа авдаг тухай, залуу бөхчүүдэд дэмжлэг ямар чухлыг, тэдний ар гэрийнхэн бас юу тээж, туулдагийг бидний ярилцлагаас уншаарай.
“Эхнэр маань элдэв маяггүй, монгол ахуйг харуулсан бичлэгүүд их хийнэ. Бараг бүх бичлэгийг нь үзсэн байхаа. Чат бичихээр надад хариу өгөхгүй ээ. Их олон сар араас нь гүйсэн. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас бичиж байгаад наймдугаар сард уулзсан. Одоо хөөрхөн хүүгийн аав, ээж болчихоод байж байна”. Тэдний хайрын түүх ингэж эхэлжээ.
-Саяхан аав, ээж болсон. “Шинэ хүнийг дагаж, шинэ цол ирнэ” гэж монголчууд бэлгэшээж ярьдаг. Өнөө жилийн наадмаар хаана зодоглох гэж байна вэ?
-Сумын заан Д.Содномдорж: Бэлгэшээгээд л суугаа юм бидэн. Цол авч, хүүдээ бэлэг барих юм сан гэж бодоод л бэлтгэлээ өмнө жилүүдийнхээсээ чамбайруулж хийж байгаа. Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийж байгаа болохоор хол явахгүй байх. Хоттой ойрхон Дархан-Уул юм уу Орхон аймаг руу явж барилдъя гэсэн бодолтой байгаа.
Бас монголчууд маань хүү төрөхөөр бөх болно гэж ярьдаг даа. Аавынхаа аваагүй цолонд хүү нь хүрэх юм болов уу гэсэн бодол бас тээгээд л…
-Гэртээ бол бөх үү эсвэл эхнэрийнхээ үгэнд ордог нөхөр үү?
-Гэргий Б.Балжингарам: Миний үгэнд орно гэхээс илүү надад зааж, чиглүүлнэ. Ямар ч шийдвэрийг хамтдаа ярилцаж гаргана. Хань минь сайн зөвлөгч.
-Заалны барилдаануудад хэр их гарч байна. Том цолтой бөхчүүдээс хэн, хэнтэй таарч барилдаж байв?
–Сумын заан Д.Содномдорж: Миний бие жаахан өвдөөд, 2017 оноос хойш бөхийн спортоосоо жаахан хөндийрсөн. Энэ жил заалны барилдаанд олон гараагүй ээ. Өмнө нь ажил хийхгүйгээр зөвхөн бэлтгэлээ идэвхтэй хийж байх үедээ Ч.Санжаадамба аварга, Г.Эрхэмбаяр аварга, Б.Пүрэвсайхан заантай барилдаж байлаа. Хэд, хэдэн улсын цолтой бөхийг давж байсан.
-Үлгэр дуурайлал авч, энэ хүн шиг л бөх болно доо гэж боддог хүн бий юу?
–Сумын заан Д.Содномдорж: Би багадаа чөлөөт бөхөөр барилддаг байсан юм. Тэр үедээ Г.Мандахнаран гавьяатын барилдааныг дагаж, энэ хүн шиг барилддаг болох юм сан хичээдэг байлаа. Г.Мандахнаран гавьяатын дархан мэхээр нь олон хүчтнийг давсан даа. Одоо бол Т.Өсөх-Ирээдүй харцагыг жудагтай, их сайхан бөх юм байна даа гэж бодож, үлгэрлэдэг. Яг түүн шиг л бөх болох сон гэж “шунадаг”.


-Унаад ирэхэд нь сэтгэл санааг нь хэрхэн өргөдөг вэ?
-Гэргий Б.Балжингарам: Гэр бүл болсоноос хойш манай хүн нэг их барилдаагүй ээ. Саяхан “Хүрээ цам-Даншиг наадам”-д зодоглосон. Яг барилдаж байхад нь өндөлзөөд эвгүй байдаг юм билээ. “Яана, яана аа” гээд л хамаг юмаа чангалаад л. Унаад ирэхэд нь ус дөхүүлж өгч, “Зүгээрээ юм нэг дуусахгүй шдэ” гэж хэлж л сэтгэлийг өргөсөн дөө. Манай хүн чинь уначихаад нэг их бухимддаггүй юм билээ.
–Сумын заан Д.Содномдорж: Бүх зүйлээ хийгээд барилдсан бол харамсах харамсалгүй л. Гэхдээ хааяа “Сая ингэсэн бол давах боломжтой байлаа” гэх харамсал төрнө өө. Түүнээс илүүрхүүлээд унасан бол ямар нэг юм бодохгүй. Угаасаа л би дийлсэнгүй гэж бодно.
-Бэлтгэлийн мөнгө болон уураг, витамины мөнгөгүй үе байх уу. Тусалж дэмждэг компани, хүн хэр олон бэ?
–Сумын заан Д.Содномдорж: Уураг витамины, бүр хоолны мөнгө байхгүй үе байлгүй яахав. Гэхдээ аав минь маш их дэмждэг байсан. Өдрийн хоёр, гурван бэлтгэл хийгээд, хөлс их гарч байгаа нөхцөлд уураг, витамин хэрэглэх ёстой л юм билээ. Уураг витамин хэрэглэхгүй байснаас болоод бие маань өвдсөн ч байж магад. Тухайн үед би сумын заануудын барилдаанд шөвгөрчихсөн, ганц хоёр хүн холбогдож байлаа. Удалгүй бие өвдөөд бүх зүйл нуран унасан даа. Зөвхөн бэлтгэл гэж явдаг байсан хүү бааранд хамгаалагч гээд янз янзын л ажил хийж үзлээ. Том цолонд хүрчих боломжтой олон залуус амьдралын эрхээр над шиг ажил хийж байгаа. Шөнө нь бааранд хамгаалагч хийгээд, өдөр нь бэлтгэл хийхээр бас л чанга байгаа юм чинь. Одоо ч гэсэн “Дулаан сэтгэл” брэндэд ажиллахын хажуугаар бэлтгэлээ хийгээд хичээж л байна. Мөн саяхан эхнэр бид хоёр хүүхдийн ноолууран хувцасны “Хайр” брэндийн цахим дэлгүүртэй болсон. Өөрийнхөө мөнчгөрөөр аймгийн цолонд хүрчих юм сан гэж бодоод л зүтгээд байна. Аймгийн цолонд хүрээд, нэг дэмждэг компанитай болчихвол ажил хийхгүй зөвхөн бэлтгэлээ л хийнэ дээ. Нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэдэг дээ. Хөдөлмөрлөөд явж байхад амжилт хэзээ нэг өдөр ирнэ гэж боддог.




-”Аймгийн наадамд тэдэн төгрөгтэй оччих юм бол цол хийчихнэ” гэж хүмүүс ярьж байдаг. Аймаг, сум, улсын наадам нь мөнгөний найраатай болчихсонд та эмзэглэдэг үү?
-“Чи ахтайгаа барилдах гээд байгаа юм уу” гэж байсан ганц хоёрхон тохиолдол бий, бий. Би чинь олон жил аймгийн цол руу өөрөөрөө зүтгэж байгаа хүн. Хоттой ойрхон Налайхад ч юм уу очиход дандаа улсын цолтой бөхчүүд ирчихсэн, найраа хийнэ. Би хоёр даваад гараад ирлээ гэхэд гурав дээр аваад таслаад хаячихаж байгаа юм чинь. Тэгээд тэр жилийн наадам дуусаа. Үнэхээр мөнчигөрөөрөө дөрөв даваад байж байхад мөнгө төгрөг гэхгүй, “За, ахын дүү үнэхээр сайн барилдаж байна. Ах нь дэмжээд явуулъя” гээд авч байгаа хүн ховор л доо. Тийм ах нар, тийм ёс монгол бөхөд байвал гоё.
Зарим нь ч бүр хэтэрхий, цүнхтэй мөнгө авчираад нэгийн даваанаас нь эхлээд явж байгаа харагддаг. Арай л цагаандаа гарчихсан. Тэр нь монгол бөхийг өнөөдөр муухай харагдуулж байна.
–Бөхийн эхнэр байхын хамгийн хэцүү нь юу вэ?
–Гэргий Б.Балжингарам: Би бөхчүүдийн талаар юу ч мэддэггүй, Б.Орхонбаяраас өөр бөх таньдаггүй л байлаа. Одоо ханьтайгаа цуг бөх үзээд, бараг л бүгдийг нь таньдаг болсон. Саяхан манай хүн “Малгайн залаа оёод өгчих” гэсэн юм. Тэрийг оёж чадахгүй, жаахан хэцүү байсан.
Охид чинь бөх хүнтэй сууна гэж боддог юм билээ. Саяхан л мэдлээ /инээв/. Ханьтайгаа хамт алхаж явахад түшигтэй, уул тэвэрч юм шиг нөмөртэй байдаг даа.
-Сумын цолтой бөхчүүд малгайн дээрээ тэмдэгээ барагтаа л хийлгэдэггүй. Та харин хадуулжээ…
–Сумын заан Д.Содномдорж: Суманд хоёр түрүүлж, хоёр шөвгөрлөө. Нэгэнт авсан цолноосоо ичээд яахав дээ. Тийм биз дээ.
-Аав, ээж, ах дүүс нь үгээрээ биш ч харцаараа цол нэхнэ биз. Гэр бүлийнхэн нь хэр ойлгож дэмждэг вэ?
–Сумын заан Д.Содномдорж: Аав, ээж хоёр маань их харна. Их хүсдэг ч байх. Манай аавын хар багийн мөрөөдөл шүү дээ. Би чинь хар багаасаа л барилдсан хүн. Амьдрал борог, даруухан үед ч аав маань намайг барилдуулна гэж зүтгэсэн. Худаг дээр ус авч байгаа хүмүүстэй барилдуулдаг байлаа. Чөлөөт бөхийн тэмцээн дээр минь байнга ирж үзнэ. Намайг сумын заан болоход аав маань их баярлаж байсан сан. Цолоо батлахад маань бас л их баярлаж байгаа харагдсан. “Одоо аймгийн цол авчихвал боллоо” гэж хэлж байсан. Аавынхаа мөрөөдлийг биелүүлэх цаг удахгүй биз ээ.
-Нөхрийн тань хамгийн сайхан зан чанар юу вэ?
–Гэргий Б.Балжингарам: Манай хүн чинь хөгжилтэй, нээлттэй. Ямар ч хүнтэй яриа хөөрөө үүсгээд, байгаа орчноо гэрэлтүүлж, уур амьсгалыг гоё болгож чаддаг. Хайртай хүмүүстээ бүх сэтгэл зүрхээ зориулж чаддаг. Халамжтай сайн аав, сайн нөхөр.
–Сумын заан Д.Содномдорж: Манай гэр бүлийнхэн ер нь тийм. Хайртай хүмүүстээ чин сэтгэлээ зориулдаг. Аав, ээж, эгч, дүүгээсээ л харж суралцсан. Би чинь айлын ганц хүү.
-Хэр эрх вэ?
–Сумын заан Д.Содномдорж: Эрх, эрх /инээв/.
–Гэргий Б.Балжингарам: Би айлын том. Өөрийгөө эрх гэж бодоогүй. Нөхөртэйгөө суугаад л мэдсэн эрх гэдгээ мэдсэн дээ.


-Барилдаад унах хэцүү юу, эхнэртээ загнуулах хэцүү юу
–Сумын заан Д.Содномдорж: Манай эхнэр намайг нэг их загнаад байдаггүй ээ. Би чинь хэдэн насаар ах учир эхнэртээ үлгэр дуурайлал болохыг хичээнэ. Тэгэхээр барилдаад унах л хэцүү юм байна.
Заримдаа ч бас яг давах юман дээр уначихаар хэцүү шүү дээ. Шөнө нойр хүрэхгүй. Ажил хийдэггүй бэлтгэлээ л хийдэг байхад дэвтэр дээрээ мэхнүүдээ, яаж унаснаа хүртэл бичдэг байлаа. Дотроо бодохоос илүү бичээд явахаар өөр байдаг юм шиг санагдсан.
-Барилдаантай өдөр нь нөхөртөө ямар хоол хийж өгдөг?
–Гэргий Б.Балжингарам: Манай хүн чинь барилдаантай өдрөө шөл л ууя гээд байдаг. Хонины махтай жигнэсэн гурилтай шөл их хийж өгдөг. Бас буузанд их дуртай. Төрөөд удаагүй байгаа болохоор одоо ч хоол хийж өгч чадахгүй л байна.
–Сумын заан Д.Содномдорж: Би л хийж байна даа. Эмэгтэй хүн чинь өглөө ямар хоол хийх үү, өдөр ямар хоол хийх үү, орой ямар хоол хийх үү гээд боддог юм байна. Өмнө нь бол гайхдаг байлаа. Ээж бас эхнэр өдрийн хоолоо идэж байхдаа яагаад “Орой ямар хоол хийх үү” гэж асуугаад байдаг байсныг одоо л ойлгож байна.
-Эхнэрээсээ хамгийн их сонсдог үг?
–Сумын заан Д.Содномдорж: Манай эхнэр ч нэг их юм хэлээд байдаггүй юмаа. Сүүлийн үед “Ус халаачихаарай” гэдэг болсон.
Сонсохыг хүсдэг үг гэвэл урмын үг. Эр улс чинь урмаар л амьдардаг шүү дээ. Бид нэг нэгэндээ урам хайрлаж байх ёстой гэж мэддэг ч хэлж чаддаггүй. Тиймээс бие биедээ урмын үгийг маш сайн хэлж байх ёстой. Эр хүн нэг их олон юм хүсдэггүй. Урмын үгээр цэнэглэгдэж, хажуудахаа халамжилж, хайрладаг л гэж боддог.
–Гэргий Б.Балжингарам: Урмын үг бага хэлж байсан бол уучлаарай. Цаашдаа байнга хэлэхийг хичээнэ ээ.
-Б.Балжингарамын тухайд нөхрөөсөө ямар үг сонсмоор байдаг вэ?
–Гэргий Б.Балжингарам: Манай хүн хэлчихдэг дээ. “Миний хайр өнөөдөр их хичээлээ”, “Сайн байлаа”, “Мундаг байна” гээд л. Нөхрөөсөө урмын үг сонсохоор улам хичээмээр санагддаг.


-Олон наадмаас нулимстай буцсан л байх. Аймгийн цолонд дөхөж очсон наадмаа дурсаач?
–Сумын заан Д.Содномдорж: Цол авч чадаагүй бөхчүүд чинь нулимстай л буцаж байгаа шүү дээ. Би нэг жил аймгийн наадмын тавын даваанд унаж байсан юм. “Дараа жил би авч чадах болов уу” гэж бодно. Ер нь бөхчүүд энэ жил сүүлийн жилдээ гэж бодож бэлтгэлээ хийдэг. Тэгээд уначихаад хүн болгонд сэтгэлээ нээж ярьж чадахгүй. Гэр бүлдээ ч бараг гаргаж чадахгүй, өөртэйгөө л тулдаг. Шаралхаж босоод амжилтад хүрсэн хүн байгаа. Шантраад больсон нь ч бий. Би шантраагүй одоог хүртэл явж л байна. Хэзээ нэгэн цагт аймгийн цолтой болоод мөрөөдөлдөө хүрчих юм бол боллоо. Миний мөрөөдөл аймгийн цолтой бөх болох. Аавын минь мөрөөдөл ч бас.
Тамирчин хүний гэр бүл гэдэг их хэцүү. Бөхчүүд чинь бэлтгэл гээд сараар явчихна. Ар гэртээ санаа зовоод байх юм бол бэлтгэлээ ч олигтой хийж чадахгүй. Нөхрөө ойлгоод, арыг нь бүтэн дааж үлдэж чаддаг гэр бүлтэй байна гэдэг чухал юм байна. Яаж тийм гэр бүл болох вэ гэхээр нэг зорилготой л байх ёстой юм шиг байгаа юм. Үндэсний бөхийн гэр бүл, гэргийг ёс уламжлалаа хамт тээж, авч яваа хүмүүс гэж боддог. Амжилтад хүрэхийн төлөө хамтдаа хичээж байгаа шүү дээ.
–Гэргий Б.Балжингарам: Би бас нөхөртэйгөө адилхан л бодолтой байна. Нөхөр маань санасан цолондоо хүрч байвал миний ч гэсэн зорилго мөрөөдөл биелж байна аа л гэсэн үг. Нөхрийнхөө сайн ар, сайн эхнэр, сайн ээж байх гэж хичээж байна даа.










