
Монголчуудын өдөр тутмын амьдралд шингэсэн зан заншил, амьдралын хэв маяг, соёлын онцлогыг өөрийн өнцгөөс хэрхэн харж, ямар сэтгэгдэл төрдөг талаар контент бүтээгч Kim boyoung (Буянаа)-тай ярилцлаа.
Өдрийн мэнд хүргэе. Намайг Kim boyoung гэдэг. Монгол нэр Буянаа. Контент бүтээдэг мөн төрийн бус байгууллагад ажилладаг. Монголд анх 16 жилийн өмнө ирж байсан. Амьдраад 8 жил болж байна.
Та монгол хэлний онцлог, соёлыг сурталчилсан сонирхолтой, хөгжилтэй reel, контент идэвхтэй хийдэг шүү дээ. Манай монголчууд таныг дийлэнх нь таньдаг болсон байна. Энэ reel контент хийх санаа нь анх яаж төрсөн бэ?
- Үнэндээ би өөрөө контент бүтээх, бичлэг хийх маш их дуртай, бүтээлч зүйл рүү тэмүүлдэг төрлийн хүн. Харин яг яагаад монгол хэлээр бичлэг хийх болсон бэ гэвэл, би монгол хэлийг маш сайн сурмаар байсан.
Анх монголд ирэхэд ямар сэтгэгдэл төрж байсан бэ, төсөөлснөөс хэр өөр байсан бэ?
- Би 16 жилийн өмнө анх монголд ирэхдээ Улаанбаатар ч бас зөндөө морь байдаг байх даа. Хурдан харах юмсан гэж их бодсон. Гэтэл зүгээр л орчин үеийн хот байсан. Сөүл, Токиотой ялгаагүй юм байна шүү дээ гэж бодоод жоохон сэтгэл дундуур мэдрэмж төрсөн. Харин хөдөө орон нутгаар тойрон аялж үзээд үнэхээр сайхан байгальтай, таван хошуу малтай, яг миний төсөөлсөн шиг сайхан санагдаж байсан.
Монголын үндэсний баяруудаас таны хамгийн дуртай баяр нь ямар баяр вэ?
- Би цагаан сарын баярт илүү дуртай. Наадам бол шоу, фестиваль шиг бол цагаан сар илүү гэр бүлийн баяр мэт санагддаг. Айлд очиж амар мэндийг нь мэддэг, ахмад настанаа хүндлэх зэрэг нь надад илүү тухтай уур амьсгалыг төрүүлдэг. Гэхдээ наадамд ч бас дуртай.
Монголын үндэсний баяр наадмын сур харваа, бөх барилдаан, морь уралдах зэрэг төрлүүдээс таньд хэрвээ оролцох боломж олдвол алинд нь хүчээ сорьж үзэх вэ?
- Би бөх барилдах байхаа. Монгол найзуудтайгаа хөдөө явахдаа барилддаг ч би дандаа ялагддаг байхгүй юу. Тиймээс жоохон ялмаар санагдаад байгаа (инээх). Мөн бөхийн зодог шуудаг өмсөж үзэхийг бас хүсдэг.
Монгол хоолноос анхандаа сонин санагдсан ч дараа нь дуртай болсон хоол байгаа юу?
- Миний хамгийн дуртай монгол хоол бол хуушуур. Наадмаар хуушуур идэх ч сайхан шүү. Эхлээд сонин санагдсан хоол гэвэл хонины мах. Монгол хонины мах бол миний өмнө нь амсаж үзээгүй амт байсан. Урьд нь би байнга кимчи иддэг байлаа. Японд 10 жил амьдрахдаа ч мөн дандаа кимчи идсэн. Тийм болохоор анх идэхэд их онцгой өөр амт байв. Одоо бол дасчихсан учраас идэх дуртай.

Монгол хүмүүсийн ямар зан чанар таньд хамгийн их таалагддаг вэ?
- Жижиг зүйлд ач холбогдол өгч, стресстдэггүй уужуу тайван зан. Японд амьдарч байхдаа би бүх зүйлийг нарийн төлөвлөж, жижиг зүйлд ч санаа зовдог байсан бол монголд ирээд сэтгэл санаа илүү тайван болсон. Миний хэлэх дуртай үг Итали киноны нэр. “Амьдрал бол үзэсгэлэнтэй” гээд үгийг би бусдад хэлэх дуртай. Хэтэрхий их мөнгөнд санаа зовох биш, хэтэрхий мөрөөдөлдөө санаа зовох биш яг байгаагаараа энгийнээрээ амьдрах сайхан шүү дээ. Монгол хүмүүсээс эерэг ийм өөдрөг зан чанар ажиглагддаг.
Таньд монгол таалагддаг олны танил crush байгаа юу?
- Ер нь би хөдөө байгаа малчин хүмүүст дуртай. Хамгийн cool хүмүүс бол малчин хүмүүс Солонгос болон бусад өндөр хөгжилтэй орны залуус ихэвчлэн хотын соёлд текник технологид дассан байдаг. Харин Монгол малчин хүмүүсийн морь унаж байгаа чадвар, байгальтайгаа харьцаж буй байдал зэрэг нь хүчирхэг сэтгэгдэл төрүүлдэг. Энэ зун боломж олдвол хөдөө амьдрах төлөвлөгөөтэй байгаа.
Мөн Youtube бичлэг хийдэг Favway-ийн 4 гишүүнд дуртай. Нийгэмд чиглэсэн эерэг контент бүтээдэг нь надад таалагддаг. Миний хийж байгаа бичлэгүүдийн хэв маягтай илүү ойролцоо санагддаг.
Таны бодлоор монголчуудын талаар бусад улсын хүмүүсийн боддог буруу ойлголт юу вэ?
- Энэ тийм ч буруу биш л дээ, хүмүүс монголчуудыг байнга морь унадаг байх гэж төсөөлдөг байж магадгүй. Гэхдээ миний ажигласнаар монголчуудын машин барих соёл нь дүрэм гэхээсээ илүү мэдрэмж дээр тулгуурласан мэт санагдсан. Заримдаа гэрлэн дохио өгөхгүй шууд явах зэрэг үйлдлүүд намайг анх монголд машин барьж эхэлж байх үед анзаарагдаж байсан. Одоо бол хүмүүс илүү стандарт дүрмээ баримталдаг болсон юм шиг байна лээ.


Манай улсын ямар зүйл нь илүү сайжраасай гэж боддог вэ?
- Миний бодлоор Монгол улс Солонгос, Япон зэрэг орнуудтай яг адилхан замаар хөгжих шаардлагагүй. Харин яг өөрсдийн онцлогоор хөгжих хэрэгтэй. Монгол бол нүүдэлчин соёлтой ард түмэн шүү дээ. Яг энэ өөрсдийн онцлог дээрээ тулгуурлан нийгэм эдийн засгаа илүү хөгжүүлээсэй гэж боддог. Өөрөө reel хийхдээ монголд байгаа онцлог сайхан зүйлсийг нь харуулахыг зорьдог.
Би бас анх Японд очоод Япон улсын соёл гоё юмаа Солонгос соёл дэмий юмаа. Япон улс сайхан юмаа манай улс онцгүй юмаа гэж боддог байсан. 10 гаруй жил амьдраад эргээд бодоход манай улсад ч бас сайхан зүйлсүүд зөндөө бий. Тиймээс монгол хүмүүс өөрсдийн дэргэд байгаа сайхан зүйлсийг анзаарч, бахархаж, цаашид илүү хөгжүүлэх тал дээр анхаарч яваасай гэж боддог.
Таньд монголд анх ирээд хамгийн гайхширсан соёлын шоконд орсон тийм зүйл байгаа юу?
- Хамгийн гайхсан зүйл гэвэл бараг бүх хүн морь унаж чаддаг байсан. Солонгост бол ихэнх хүн дугуй унаж чаддагтай адилхан. Увс аймагт очоод тэмээ унаж үзсэн. Би их хурдан байх болов уу гэж бодсон чинь морноос удаан байсан. Монголд аялж, амарч зугаалж байгаа хүмүүс тэмээ унаж үзээсэй гэж хэлмээр байна. Өмнө нь мэдэрч үзээгүй тийм онцгой мэдрэмжийг мэдрэх болно.
Монголын залууст таны зүгээс хандаж хэлэх үг байна уу?
- Залуусаа сайхан амьдрахын тулд та бүгд хичээж байгаа шүү. Хэтэрхий их битгий маргаашаас айгаарай. Айгаад байвал чадахгүй шүү дээ.
Ч.Энхзул









