
Үндэсний их баяр наадмын комиссын Бөхийн салбар хороо өнөөдөр хуралдаж, гурван үндсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар үндэсний бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, энэ оны долдугаар сарын 10-ны өдөр нэгийн давааг 11:00-17:00 цагийн хооронд явуулахаар тогтов. Харин хоёр, гурвын давааг долдугаар сарын 11-нд, дөрөв болон түүнээс дээших даваануудыг долдугаар сарын 12-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Мөн Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас ирүүлсэн албан бичгийг хэлэлцэж, шийтгэлийн хугацаа нь дуусаагүй бөхчүүдийг барилдаанд бүртгэхгүй байхаар тогтсон байна. Зарим бөхчүүдийн асуудал эцэслэн шийдэгдэж байгаа тул бүртгэлтэй холбоотой нэмэлт асуудал үүсэх магадлалтайг онцоллоо.
Түүнчлэн энэ жил дэлхийн адууны өдрийг анх удаа өргөн тэмдэглэхтэй холбогдуулан уяачдын баярыг онцгойлон зохион байгуулах бөгөөд долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт 128 бөхийн барилдаан зохион байгуулахаар болжээ.
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын хувьд шүүхийн маргаантай байгаа тул барилдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин Улсын гарьд М.Бадарчид оноосон дөрвөн жилийн хугацаатай барилдах эрх хасах шийдвэр хэвээр хүчин төгөлдөр үйлчилж байгааг Үндэсний их баяр наадмын комиссын хорооноос мэдээллээ.
Мөн долдугаар сарын 10-ны өдрийн барилдааныг иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой бол 11-нээс эхлэн тасалбартайгаар Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэх юм.
Энэ жилийн наадамд дөрвөн Өвөрмонгол, хоёр Тува бөх оролцох хүсэлтээ ирүүлээд байгаа аж.
Видео үзэх холбоос:









