
Олон сарын турш үргэлжилсэн цуурхал, таамаглалын эцэст Тейлор Свифт, Трэвис Келси нар эцэст нь Нью-Йорк хотын Мэдисон Сквер Гарденд хуримаа хийлээ. Энэ мэдээг баасан гарагийн орой Свифтийн хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор баталсан бөгөөд яг тэр үед цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах дэлгэцүүдэд “JUST&T MARRIED!” буюу “Тейлор, Трэвис нар гэрлэлээ” гэсэн бичиг асжээ. Дэлхийн алдартай поп од Тейлор Свифт болон Супер Боулын гурван удаагийн аварга Трэвис Келси нар өнгөрсөн оны наймдугаар сард сүй тавьсан. Тэр цагаас хойш фенүүд нь тэд хэзээ, хаана, хэрхэн хуримаа хийх бол хэмээн хүлээж байсан.

Свифт сүүлд гаргасан цомгийнхоо Wi$h Li$t дуугаар Келситэй хамт амьдралаа төвхнүүлж, аз жаргалтай ирээдүйг төсөөлсөн мэт дуулсан байдаг. Тэрбээр энэ дуугаа 1996 оны Happy Gilmore кинонд Адам Сэндлерийн бүтээсэн дүрээс санаа авсан гэж тайлбарлажээ. Иймээс Адам Сэндлер тэдний хуримыг хөтлөх болсон нь санамсаргүй сонголт биш байжээ. Мөн Тейлор, Трэвис нар хуримаа Мэдисон Сквер Гарденд хийх санааг ч Сэндлерийн 2002 оны Mr. Deeds киноноос авсан байж магадгүй гэж үзэж байна. Тус кинонд Сэндлерийн дүр найз бүсгүйдээ гэрлэх санал тавихын тулд уг цэнгэлдэхийг бүхэлд нь түрээслэдэг тухай гардаг.

Dior брэндын урласан хуримын хувцас
Сүйт бүсгүйн даашинзны зураг одоогоор нийтлэгдээгүй байгаа ч ямар брэнд урласан нь тодорхой болсон.
Свифтийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр:
“Хосын хуримын хувцсыг Christian Dior Haute Couture урласан. Dior-ын Haute Couture коллекцийн захирал Жонатан Андерсон хосуудтай нягт хамтран ажиллаж уг загварыг бүтээсэн.”
Мөн энэ нь дэлхийд алдартай одод зориулсан Андерсоны анхны Haute Couture хуримын даашинз болсон байна. Dior компани мэдэгдэлдээ хуримын бүх хувцсыг Парис дахь урландаа бүтээснээ зарласан. Хосуудын хуримын гутлыг Christian Louboutin тусгайлан урлаж, Cartier-ын үнэт эдлэлээр гоёжээ. Louboutin брэнд өмнө нь ч Свифтийн Eras Tour аялан тоглолтын тайзны гутлыг хийж байсан түүхтэй.
Алдартнуудаар дүүрэн зочдын жагсаалт
Хуримын урилгын жагсаалтад ойролцоогоор 1000 хүн багтсан бөгөөд хөгжим, кино, спортын ертөнцийн хамгийн алдартай одод оролцсон байна.
Зочдын дунд Селена Гомес, Камила Кабельо, Хью Грант, Грейси Абрамс, Жижи Хадид, Брэдли Купер, Том Хэнкс, Милли Бобби Браун, Элли Голдинг, Грэм Нортон, Дакота Жонсон, Стивен Спилберг нар байжээ. Мөн Сабрина Карпентер, Женнифер Лоуренс, Лана Дел Рей, Лена Данэм, Эмма Стоун, Haim хамтлагийн эгч дүүс, Сэр Пол Маккартни, Зои Кравиц, Стиви Никс, Николь Кидман, Риз Уизерспун, Грета Гервиг нарыг ирсэн гэх мэдээлэл бий.


Хуримын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нууц хэвээр байгаа ч зарим зүйл ил болсоор байна. TMZ-ийн эх сурвалжийн мэдээлснээр хуримын чимэглэлийг “Alice in Wonderland” болон “The Wizard of Oz” киноны ертөнцийг хослуулсан мэт байсан гэж тодорхойлсон байна. Хуримын газраар Мэдисон Сквер Гарденыг сонгосон нь олон хүнийг гайхшруулсан ч хөгжим, спортын бэлгэ тэмдэг болсон энэ газар папарацци болон дроноор дотроос нь зураг авах боломжгүй тул сонгосон байж болзошгүй гэх таамаг бий.
Эх сурвалж: CNN









