
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, тэр дундаа бөхийн барилдааны товтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр бөхийн барилдааны мөн чанар, утга учрыг тайлбарлахдаа “Даваа хооронд цаг бага байдаг нь ямар нэгэн тохиролцоонд хүрэхгүйгээр үнэн хүчээ үзэх боломж олгодог. Өглөөнөөс орой хүртэл шандас сорьж, хэн илүү бэлтгэлтэй нь тодордог. ‘Нар хэвийтэл сайхан үзээрэй’ гэдэг ерөөл нь ч гэсэн бөхчүүдийг хүссэн цолондоо хүрч, амжилт гаргаасай гэсэн утгыг агуулдаг” гэсэн юм.
Харин наадмын бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулах шийдвэрийг “Энэ нь монгол төрийн наадмыг доромжилсон үйлдэл болно” гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Учир нь Монгол төрийн наадам уламжлал ёсоор долдугаар сарын 11-ний морин цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугийг залах ёслолоор эхэлдэг. Улмаар бөхчүүд төрийн бэлгэдэл болсон есөн хөлт цагаан тугт хүндэтгэл үзүүлж, ёслон золгосны дараа үндэсний бөхийн барилдаан албан ёсоор эхэлдэг уламжлалтай.
“Хэрэв зүгээр л улсын аварга шалгаруулах тэмцээн байсан бол хаана, юуг тойрч барилдах нь чухал биш. Харин Үндэсний их баяр наадам бол монгол түмний түүх, соёл, тусгаар тогтнолын бэлгэдэл. Манжийн эрхшээлд байсан ч, гадаад дотоод ямар ч бэрхшээлтэй үед тасалдаж байгаагүй уламжлал” хэмээн тэрбээр хэлсэн юм.
Мөн энэ жилийн зохион байгуулалтад есөн хөлт цагаан туггүйгээр эхний давааг явуулах гэж буйг шүүмжилж, “Энэ бол санамсаргүй бус, санаатай үйлдэл гэж харж байна. Монголчуудын түүх, соёл, өв уламжлал, үндэсний ондоошлын эсрэг үйлдэл” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Видео үзэх холбоос:









