
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Өнөөдөр УИХ-ын чуулган завсарлана. Саяхан Монгол Улсын Засгийн газраас Оюу толгой төслийн хэлэлцээр амжилттай болсон талаар сүртэй мэдэгдэл хийсэн. Харамсалтай нь зарим асуудлууд баримтаар нотлогдохгүй байна.
Засгийн газраас тодорхой асуудлуудад тохиролцоонд хүрсэн гээд тодорхой тоо баримтууд дурдсан. Тухайлбал зээлийн хүү бууруулна, энэ ондоо багтаад ноогдол ашиг авна гэх зүйлүүд ярьсан. Гэтэл хөрөнгө оруулагч Рио Тинто компани цахим хуудастаа дараах мэдэгдлийг байршуулжээ. Хөрөнгө оруулагч талын байршуулсан хэвлэлийн мэдээнд ямар нэгэн тоо баримт дурдаагүй байх бөгөөд манай Засгийн газрын яриад байгаа зээлийн хүүг бууруулах, ноогдол ашиг хүртэх асуудлууд нэг ч дурдагдаагүй байна. Харин Онтре компанийн эзэмшиж буй лицензийн асуудлаар тодорхой тохиролцоонд хүрч чадлаа гэх маш ноцтой асуудлыг дурдсан байна.









