
Хаврын чуулган өнөөдөр хаана. “Чуулган хаах өдөр 100 хууль батлах нь, хууль машиндах нь” бухимдлууд. Энэ үнэн эсэхэд хариулт хайя.
Parliament.mn сайтад нийтэлснээр бол өнөөдөр:
- Хоёр хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг
- Гурван хуулийн төслийг соёрхон батлах
- Хоёр тогтоолын төслийг хэлэлцээд чуулган завсарлахаар байна.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад “Энэ долоо хоногт эцсийн хэлэлцүүлэг нь хийгдсэн хуулийн төслүүдийг өнөөдөр эцэслэн батална. Эцэслэн батлагдаж байгаа хуулийн төслийг дагалдаж нэлээд хэдэн хуульд өөрчлөлт оруулдаг. Тодотгон хэлбэл, хууль тус бүр дээр 3-аас дээш дагалдах хууль өөрчилдөг” гэв. Тэгэхээр дагалдах хуулиудтайгаа 100 дөхөж буй бололтой.
За, энэ ийм учиртай байж. Одоо тэгвэл 126 гишүүнтэй энэ парламент муу ажилласан уу гэдгийг ярилцъя. Байнгын хороо, чуулганых нь ирц ч хүрэхгүй, хүрлээ ч ирцээ бүртгүүлчихээд суудаг нь тоотойхон. Parliament.mn сайтад гишүүдийн ирцийг өдөр тутам нээлттэй байршуулдаг ч зарим хуулийн төслийг хэлэлцэж байхад 3-4-хөн гишүүн танхимд сууж байдаг. Өөрт нь хамаагүй хуульд тэд ингэж ханддаг. Хэн нэгнийг томилох, огцруулах болохоор л бараа нь харагдаагүй олон хүн ирэхийг яана. Ийн сул ганхаж байгаад чуулган хаах долоо хоногт өдөр, шөнөө ялгалгүй хуралдана. Ард түмнээ нөөцийн маханд оочерлуулж, наадмын тасалбарыг нь дээгүүрээ хувааж идчихээд хэрүүл алим шидчихнэ. Наадмын гоёлоо яах уу, амралтаа хэдэнд авах уу гэх бодол, уур амьсгал далимдуулж өөрсдөд нь хожоотой, хуулиудаа зүтгүүлж, батлуулдаг нь үнэн.
Өргөн барьсан хуулиуд дээр хүртэл манай намынх, хүний намынх гэж ялгамжтай ханддаг. Танай намын энэ хуулийг явуулъя, оронд нь Засгийн газрыг тогтвортой байлга, УИХ-ын дарга нам бус байх гэх заалтаа хуулийн төслөөсөө ав гэх хатуу тулгалт хийдэг. Намрын чуулган нь МАН-ын даргын сандал суудлын хэрүүлтэй, хаврын чуулган нь ч тэр ялгаагүй хэн нь УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох вэ гэх МАН-ын зодоон дунд дууслаа. Ирэх намрын чуулганаар ч тэр Ерөнхийлөгчийн сонгуулийн марафон, намуудын зодоон болно. Мөн ирэх хаврын чуулганаар гишүүд нь Ерөнхийлөгчийн сонгуулийн “ухуулагч”-аар ажиллаад түмэн завгүй байх болов уу. Ингээд бодохоор энэ улсад ажил хийх хүн байгаа эсэхэд эргэлзмээр…
Х.ХОНГОР









