
Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг иргэдийг хохироосон барилгын болон орон сууцны төслүүдийн асуудлаар ажиллаж буй талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр, анхнаасаа залилангийн шинжтэй буюу ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр иргэдэд хуурамч баримт бичиг үзүүлэн мөнгө босгосон тохиолдлууд байгааг онцолсон юм. Мөн зарим төслүүд нь төрийн байгууллагын үйл ажиллагаа, тухайлбал техникийн нөхцөл, дулаан хангамж, барилгын зөвшөөрөл зэрэг асуудлаас шалтгаалан гацаж, ажил нь удааширсан нөхцөл байдал үүсээд байгааг дурдлаа.
Эдгээр асуудлыг ангилан судалж, нэгдсэн датанд оруулсны дараа дараагийн шатны арга хэмжээг хэрэгжүүлж эхэлжээ. Үүнд, царцаад буй хөрөнгийг эргэлтэд оруулж, иргэдийг орон сууцанд оруулах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн ажлууд багтаж байна.
Түүнчлэн хохирлыг зөвхөн мөнгөн хэлбэрээр барагдуулах бус, гацсан төслүүдийг хөдөлгөөнд оруулах, техник тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, ажлыг түргэсгэхэд анхаарч байгаагаа илэрхийлэв.
Харин анхнаасаа залилангийн шинж чанартай байсан тохиолдолд тухайн асуудлыг хууль, хяналтын байгууллагуудтай хамтран шалгуулж, шаардлагатай шахалт үзүүлэх чиглэлээр ажиллаж байгаа талаар тэрбээр мэдэгдлээ.
Видео үзэх холбоос:








