
Их Британи ба Умард Ирландын Нэгдсэн Вант улсын тагнуулын хамгийн том агентлаг GCHQ байгууллагын шинэ захирал Энн Кист-Батлер ОХУ-Украины дайн эхэлснээс хойш Оросын тал 500 мянга орчим цэргээ дайны талбарт алдсан болохыг онцолжээ.
ОХУ-Украины дайн эхэлснээс хойш Москва, Киев хоёр дайны талбарт амиа алдсан цэргүүдийнхээ тоог нээлттэй зарлахаас зайлсхийж ирсэн юм. Өнгөрсөн 2-р сард Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-Украины дайнд Украины 55 мянган цэрэг амь үрэгдсэн хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл BBC News агентлаг, Оросын Медиазона агентлаг болон сайн дурынхантай хамтран судалгаа хийсний үндсэн дээр ОХУ-Украины дайнд Оросын 223 539 цэрэг амь үрэгдсэн гэсэн тооцоо гаргасан юм. Олон улсын ажиглагчид бодит тоо үүнээс ч өндөр байх магадлалтайг онцолж байсан юм.
Энн Кист-Батлерын хэлснээр ОХУ НАТО-гийн орнуудын эсрэг хайбрид дайн өрнүүлж, Их Британи улсын чухал дэд бүтцүүдэд халдаж, ардчилалд заналхийлж, ард иргэдийн төрд итгэх итгэлийг бууруулах ажил явуулсаар байгаа аж.
Түүнчлэн тэрээр Кремль Их Британийн газар дэвсгэр дээр тагнуулын хэд хэдэн ажиллагаа зохион байгуулж байсныг онцолж, оросуудын КГБ-д ажиллаж байсан Александр Литвиненког 2006 онд Лондонд цацраг идэвхт полони бодисоор хордуулж, хөнөөсөн хэрэг, 2018 онд Солсбери хотод Оросын зэвсэгт хүчний тагнуулын офицер асан Сергей Скрипалийг “Новичок” хорт бодисоор хордуулсан хэргийг тус тус дурджээ.







