
Залуучуудын манлайллыг түгээх “JCI Open Day 2026” арга хэмжээ энэ бямба гарагт болно
JCI Mongolia буюу Жэй Си Ай Монгол ТББ-аас залуучуудын манлайлал, эерэг оролцоог дэмжих зорилготой “JCI Open Day 2026” нээлттэй арга хэмжээг 2026 оны тавдугаар сарын 30-ны Бямба гарагт зохион байгуулах гэж байна.
Анх удаа гадаа талбайд зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь олон нийт, гэр бүл, хүүхэд залуучуудад чиглэсэн өргөн цар хүрээтэйгээрээ онцлог юм.
Арга хэмжээний хүрээнд JCI Марафон, мод тарих аян, олон нийтийн төслүүдийн нээлт, залуучуудын оролцооны хэлэлцүүлэг зэрэг олон үйл ажиллагаа болохоос гадна 30 байгууллагын танилцуулга, мэдээллийн асрууд ажиллах юм байна.
Жэй Си Ай Монгол ТББ нь 1992 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 120 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг JCI /Junior Chamber International/ олон улсын байгууллагын Монгол дахь үндэсний салбар юм.
Өдгөө 17 салбар байгууллага, 2000 гаруй гишүүнтэй тус байгууллага нь 18-40 насны залуусыг манлайлал, бизнес, нийгмийн оролцоонд идэвхтэй бэлтгэн хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.
Тус байгууллагын зүгээс “Залуучуудын оролцоо, манлайлал нь нийгмийн эерэг өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүч” гэдгийг онцолж, иргэдийг арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьжээ.







