
Өнгөрсөн даваа гарагт БНСУ-ын хууль сахиулагчид БНХАУ-аас хийлдэг завиар зугтаасан цагдаагийн албан хаагч асан, хүний эрхийн төлөө тэмцэгч Дон Гуаньпиныг баривчилжээ.
Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтынхан Дон Гуаньпиныг БНСУ-ын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа ба хэргийг нь прокурорт шилжүүлнэ гэжээ.
68 настай Гуаньпин нь анх 1999 онд Тяньаньмэний талбайд болсон бослогын үеэр амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх өргөдөлд гарын үсэг зурснаар цагдаагийн албанаас халагдаж байжээ. Түүнээс хойш 2001 онд тэрээр төрийн эрх мэдэлд заналхийлсэн хэргээр 3 жил хоригдож, 2014 онд Тяньаньмэний талбайд болсон бослогын үеэр амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагаанд оролцсон хэргээр дахин хоригджээ.
2015 онд эхнэр болон охины хамт Тайландын Бангкок хот руу аялах үеэрээ НҮБ-аас дүрвэгсдийн статус авч, Канадад оршин суух зөвшөөрөл авсан ч Тайландын эрх баригчид түүнийг БНХАУ-д шилжүүлжээ. Эх оронд нь түүнийг хорлон сүйтгэх ажиллагаа өдөөсөн, Хятадын хилээр хууль бусаар гарсан хэргээр дахин хорьжээ.
2019 онд Дон Гуаньпин Фужян мужийн Шиши хотоос Тайванийн Кинмен арал руу сэлэхийг оролдсон ч замд нь түүнийг Хятадын загасчид саатуулж, хууль сахиулагчдад шилжүүлжээ.
2020 он тэрээр Вьетнам руу зугтсан ба 2 жил Ханойд нуугдан амьдарсан түүнийг Вьетнамын цагдаа нар баривчилж, эх орон руу нь буцаасан аж. Уг хэрэгтэй холбоотойгоор Хятадын шүүхээс түүнд 11 сар хорих ял оноожээ.
Энэ удаад Дон Гуаньпин Шаньдун мужийн Вэйфан хотоос хийлдэг хөдөлгүүртэй завиар зугтаж, далайд 30 гаруй цагийг өнгөрүүлсний эцэст БНСУ-ын эзэмшлийн усанд хүрчээ.
Хүний эрхийг хамгаалах байгууллагууд Сөүлээс хүмүүнлэгийн зарчмыг баримталж, хүний эрхийн тал дээр олон улсад хүлээсэн үүргээ гүйцэтгэж, Дон Гуаньпиныг БНХАУ-д шилжүүлэхгүй байхыг хүсжээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын эрх баригчдад Дон Гуаньпинд улс төрийн орогнол олгохыг эсвэл Канад руу аюулгүй зорчиход нь туслахыг уриалжээ.
2023 онд Хятадын иргэн, идэвхтэн Квон Пён усны мотоциклоор БНСУ руу зугтаж, эцэст нь АНУ-д суурьшиж байсан билээ.
Эх сурвалж: BBC







