
Өнгөрсөн лхагва гарагт дэлхийн дээвэр гэгддэг Эверест уулын ноён оргилд Балбын талаас нэг өдөрт 247 уулчин гарч, рекорд тогтоожээ.
Тухайн өдөр Эверестийн оргилд гарсан уулчдаас зөвхөн ганц нь буюу Эквадорын уулчин Марсело Сеговиа шерпа хөтөч болон хүчилтөрөгчийн нөөцгүйгээр дэлхийн ноён оргилд гарсан байна.
Сүүлийн жилүүдэд уулын спортын мэргэжилтнүүд Балбын талыг Эверест уул рүү нэг дор хэтэрхий олон уулчдыг авируулж, оргилд хүрэх замд түгжрэл үүсгэж, уулчдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна хэмээн шүүмжлэх нь элбэг болсон билээ.
Энэ жил Эверест уул руу гарах гол маршрут дээр аварга том мөсний хэлтэрхий үүссэнтэй холбоотойгоор авиралтын улирал оройтож эхэлсэн ба энэ нь Эверест руу олон тооны уулчид нэгэн зэрэг гарахад нөлөөлжээ.
Энэ жил Балбын талаас 494 уулчинд Эверест рүү авирах зөвшөөрөл өгсөн аж.
8849 м өндөртэй Эверестийн оргилд Балба болон Хятадын талаас гарах боломжтой ба хамгийн сүүлд 2019 оны 5-р сард Балбын талаас 223 уулчин, Хятадын талаас 113 уулчин Эверестийн оргилд гарч, рекорд тогтоож байжээ.
1953 онд Шинэ Зеландын уулчин Эдмунд Хиллари, Балба-Энэтхэг гаралтай шерпа Дэнзэн Норгай хоёр Эверестийн оргилд гарсан анхны хүмүүс болсноос хойш өнөөдрийг хүртэл Эверестийн ноён оргилд 7000 гаруй хүн гарчээ.
Эх сурвалж: The Guardian







