
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй цөмийн аюулгүй байдлаас авхуулаад Амурын барыг хамгаалах тухай гэрээ, хамтын ажиллагааны тунхаг бичиг зэрэг 40 орчим баримт бичигт гарын үсгээ зуржээ.
Олон улсын ажиглагчид Оросын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалын гол зорилго нь ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч 2” хий дамжуулах хоолойн төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тал дээр БНХАУ-тай зөвшилцөлд хүрэх явдал байсныг онцолж байсан билээ.
Өнгөрсөн жил ОХУ-ын “Газпром” компани БНХАУ-ын төрийн өмчит газрын тос, байгалийн хийн CNPC компанитай “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолой, Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх “Союз Восток” хийн хоолойн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
BBC агентлагийн ОХУ дахь сурвалжлагч Стив Розенбергийн мэдээлснээр Бээжин ОХУ-ын эрчим хүчнээс хэт хамааралтай болохоос зайлсхийж, Монгол улсаар дайран өнгөрөх хий дамжуулах хоолойн уг төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр яарахгүй байгаа тул талууд уг асуудлыг эцэслэн шийдэж чадаагүй хэвээр үлдсэн байна.
Нөгөө талаас Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков талууд “Сибирийн хүч 2” хий дамжуулах хоолойн маршрут, бүтээн байгуулалтын үйл явц зэрэг дээр зөвшилцөлд хүрсэн хэмээн мэдэгджээ. “Сибирийн хүч 2” төслөөс гадна талууд ОХУ-Украины дайн, Тайвань болон АНУ-ын пуужин устгах шинэ системийн талаар ярилцсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ОХУ Тайванийн тусгаар тогтнолын эсрэг байр суурьтай байгаа байгааг илэрхийлж, Бээжингийн тусгаар тогтнол, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах, улсаа нэгтгэх тал дээр авч буй арга хэмжээнүүдийг дэмжиж буйгаа онцолжээ. Ингэхдээ талууд “Дэлхий дээр ганц л Хятад гэж байгаа, Тайвань бол Хятадын салшгүй хэсэг, БНХАУ-ын засгийн газар бол бүх Хятадыг төлөөлж буй хууль ёсны цорын ганц төрийн гүйцэтгэх дээд байгууллага юм” гэсэн хамтын мэдэгдэлд гарын үсгээ зуржээ.
Түүнээс гадна хоёр улсын төрийн тэргүүнүүд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын 2025 оны 5-р сард танилцуулсан АНУ-ын нутаг дэвсгэр тэр дундаа Аляска, Хавай мужуудыг пуужингийн цохилтоос хамгаалах “Golden dome” олон түвшинт хамгаалалтын системийн төслийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC.com







