
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2025.05.11/-ийн хуралдаанаараа Боловсролын яамнаас боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” стратегийн танилцуулга, мэдээллийг сонсжээ. Үүний дараа Боловсролын сайд Л.Энх-Амгалан гишүүдийн асуултад хариулсан байна.
Гишүүдийн зүгээс 100 жилийн түүхээ тэмдэглэсэн сумд гэр цэцэрлэгтэй байсаар байгаа. Царцсан барилгуудаа төсөвт тавьж дуусгах шаардлагатай. Сургуулийг боловсролын хөтөлбөр стандарт нэг байх ёстой. Хувийн болон улсын сургуулийн байрны стандарт өөр байгаад салбар яам анхаарах шаардлагатай. Хөтөлбөрийн ялгаанаас шалтгаалан хүүхдүүд хоорондоо ойлголцохгүй хэмжээний байдалд хүрэх гэж байгааг анхааруулав. Мөн тусгай хэрэгцээт хүүхдүүд ЕБС-иа төгсөөд дэвшин суралцахад маш хүндрэлтэй. Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд заах багш нарыг бэлтгэх шаардлагатай. Цаашлаад шинээр баригдах барилга байгууламжид хүртээмжийн асуудлыг заавал шийддэг болох ёстойг санууллаа. Түүнчлэн малчин өрхийн хүүхэд зургаан настайдаа сургуульд орж буй асуудлыг анхаарч ажиллах шаардлагатай. Боловсролын салбарын бодлого сайд солигдохоос үл шалтгаалан үргэлжилдэг байх ёстой гэдгийг онцоллоо.
Мөн өнөөдрийн АН-ын бүлгийн хуралдаан дээр Сангийн сайд З.Мэндсайхан салбарын мэргэжилтнүүдийн хамт орж, мэдээлэл өгөх аж. Тодруулбал, Татварын багц хуулийн төслийн танилцуулга, мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулна.







