
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус хантавирусийн халдварын тохиолдлууд бүртгэгдсэн “Хондиус” далайн круиз аяллын хөлөг онгоцны зорчигчид болон хөлөг онгоцны багийн гишүүдийг нүүлгэн шилжүүлэх үйл явцад хяналт тавихаар Канарын арлууд дээр иржээ.
“Хондиус” хөлөг онгоц Атлантын тэнгис дэх Испанийн Канарын арлуудын Тенерифе арлын эрэгт энэ ням гарагт хүрэх юм.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Тенерифе арлын оршин суугчдад хандан, “Та бүхнээс миний хэлэхийг анхааралтай сонсооч гэж хүсье. Энэ бол дараагийн COVID биш. Хантавирусийн халдвар хүн амын дунд тархах эрсдэл өчүүхэн бага. Манай мэргэжилтнүүд болон миний бие үүнийг дахин дахин онцолмоор байна.” хэмээн мэдэгджээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесустай хамт хөлөг онгоцны зорчигчид, ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэх үйл явцыг Испанийн Эрүүл мэндийн сайд Моника Гарсия болон Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка нар ажиглах аж.
Испанийн Эрүүл мэндийн сайд Моника Гарсия хөлөг онгоцноос зөвхөн халдварын шинж тэмдэггүй иргэдийг буулгана мөн хөлөг онгоцон дээр байгаа өөр улсын иргэдийг Тенерифе арлаас шууд нүүлгэн шилжүүлэх онгоц арлын нисэх онгоцны буудал дээр бэлэн байгаа тохиолдолд л буулгана хэмээн мэдэгджээ. Түүнчлэн хөлөг онгоцноос бууж буй иргэдэд зөвхөн гар утас, цэнэглэгч, бичиг баримтаа авч буухыг зөвшөөрнө гэжээ.
Хантавирусийн халдвар гарсан “Хондиус” хөлөг онгоцон дээр дэлхийн 20 улсын зорчигчид болон хөлөг онгоцны багийн гишүүд гээд 140 гаруй хүн байгаа аж. Хантавирусийн халдварын улмаас тус хөлөг онгоцон дээр 3 хүн амь үрэгдээд байгаа ба хөлөг онгоцноос буусан хүмүүсийн дотор 5 хүнд уг вирусийн халдвар илрээд байгаа юм.
Хантавирус нь хулгана, харх зэрэг мэрэгч амьтад тэдгээрийн ялгадас, шүлс зэргээр дамжин хүнд халдварладаг вирус юм. Уг вирусийн халдварыг авсан хүмүүст томуу, томуу төст өвчний шинж тэмдгүүдтэй адил халуурах, ядрах, булчин өвдөх, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдгүүд илрэх ба уг вирусийн халдвар амьсгалын болон бөөрний дутагдалд хүргэх эрсдэлийг дагуулдаг байна.







