
Өнгөрсөн бямба гарагт Бразилын Рио де Жанейро хотын Копакабана наран шарлагын газарт болсон дуучин Шакирагийн үнэгүй тоглолтыг 2 сая хүн үзжээ.
Энэхүү тоглолт нь Колумб гаралтай дуучин бүсгүйн Las Mujeres Ya No Lloran аялан тоглолтын нэг хэсэг аж.
Копакабана наран шарлагын газарт 49 настай Шакирагийн тоглолтыг үзэхээр цугласан олноос гадна Бразилын амттанууд, цэвэр ус, кайпиринья коктейль, 00 цаас, үнэр дарагч, намхан хүмүүс дээр нь зогсож тоглолт үзэхэд зориулсан шуудайтай элс хүртэл худалдах мухлагууд байраа эзэлсэн байжээ.
Тоглолт хуваариасаа нэг цаг хоцорч 11:00 цагт эхэлсэн ба тоглолтын турш дуучин бүсгүй англи болон испани, португал хэл дээрх хит дуунуудаа толилуулснаас гадна 30 орчим жилийн өмнө Бразил улсад анх ирж байсан тухайгаа ч дурсжээ.
Рио де Жанейро хотын дарга Эдуардо Кавальере Рио де Жанейро хот тус тоглолтод оруулсан хөрөнгө оруулалтаасаа 40 дахин их ашиг орлого олох болно гэсэн бол Рио де Жанейро хотын захиргаа болон Riotur компани Шакирагийн тоглолтыг үзэхээр ирсэн гадаад дотоодын жуулчид, тэдгээрийн зочид буудал, дэлгүүр хоршоо, зоогийн газруудад зарцуулах мөнгө 115 сая орчим ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ.
Алдарт Копакабана наран шарлагын газарт 2024 онд дуучин Мадонна, 2025 онд дуучин Леди Гага үнэгүй тоглолтоо хийж, мөн л олон зуун мянган хүн цуглуулж байсан билээ.
Эх сурвалж: The Korea Times







