
АНУ-ын агаарын тээврийн Spirit Airlines компани энэ сарын 2-ноос үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгджээ.
Spirit Airlines компаниас гаргасан мэдэгдэлдээ компанийн зүгээс асуудлуудаа шийдвэрлэхийг хичээсэн ч бизнест дарамт шахалт үзүүлж буй хүчин зүйлс тэр дундаа газрын тосны үнэ нэмэгдсэн явдал нь Spirit Airlines компанийн санхүүгийн төлөв байдалд ноцтой нөлөөлж, нэмэлт санхүүжилтгүйн улмаас тус компани үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн тухайгаа бичжээ.
Сүүлийн жилүүдэд Spirit Airlines компани санхүүгийн хүндрэлүүдтэй учирч, 2024-2025 онд дампуурлаа зарлах хүсэлт гаргаж байжээ. Дотооддоо болон Карибын арлууд, Латин Америкийн орнууд руу хямд нислэгүүд үйлддэгээрээ алдартай тус компани өнгөрсөн 3-р сард Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас санхүүгийн тусламж хүссэн ч хувьцаа эзэмшигчид, компани болон Цагаан ордон хоорондын яриа хэлэлцээ мухардалд оржээ.
Ойрх Дорнодод үүссэн нөхцөл байдал, газрын тосны экспортын гол замуудын нэг Ормузын хоолой хаагдсан зэргээс болж дэлхий даяар агаарын хөлгийн түлш хомсдож, үнэ нь нэмэгдээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор агаарын тээврийн том, жижиг гэлтгүй бүх компаниуд нислэгийн тийзийн үнээ нэмж, нислэгүүдийнхээ тоог цөөлөхөд хүрээд байгаа билээ.
15 мянга гаруй ажилтантай Spirit Airlines компани үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй байдалд орсон нь ч дээрх асуудалтай холбоотой юм.
Эх сурвалж: BBC







