
Жил бүрийн 5-р сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиодог билээ. 1991 онд Намиби улсын нийслэл Виндхүк хотод ЮНЕСКО-гоос зохион байгуулсан чуулга уулзалтын үеэр Африкийн сэтгүүлчид чөлөөт, хараат бус, олон ургалч үзлийг дэмжсэн сэтгүүл зүйн зарчмууд бүхий Виндхүкийн тунхаг бичгийг баталсныг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий ассамблей 1993 онд жил бүрийн 5-р сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэхээр тогтжээ.
Энэ өдөр нь төрд хэвлэлийн эрх чөлөөг хүндэлж, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах үүрэгтэй нь сануулах өдөр юм. Хэвлэл мэдээллийн ажилтнууд энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөнд тулгараад буй асуудлууд, мэргэжлийн ёс зүй зэргээ хэлэлцэж, албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан хэвлэл мэдээллийн ажилтнуудын дурсгалыг хүндэтгэж, дарамт шахалт, хориг хязгаарлалтын объект болж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүддээ дэмжлэг үзүүлдэг билээ.
Ардчилал ба Сонгуулийг Дэмжих Олон Улсын Институт дийлэнх улс орнуудад ардчилал уналтад орж, түүнийг дагаад хэвлэлийн эрх чөлөө ч сүүлийн 50 жилд байгаагүйгээрээ хязгаарлагдсаныг онцолж байна. Хэвлэл мэдээллийн салбарын хараат бус, бие даасан байдал суларснаар үнэн, бодитой мэдээ мэдээллийн хүртээмж буурч, дагаад иргэдийн баримтад суурилсан шийдвэр гаргах чадвар буурчээ.
Олон улсын “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага өнгөрсөн пүрэв гарагт 2026 оны хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарласан.
Энэ жил дэлхийн 180 орны талаас илүү буюу 52.2 хувь нь хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал “хүнд” эсвэл “маш хүнд” гэсэн ангилал руу оржээ. 25 жилийн өмнө 180 улсын зөвхөн 13.7 хувь нь л хэвлэлийн эрх чөлөөний төлөв байдал “хүнд” ба “маш хүнд” ангилалд багтаж байсан аж.
Дэлхийн 180 улсын 100-д нь хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтүүд буурч, сүүлийн 25 жилд байгаагүй хамгийн доод түвшинд очсоныг “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага онцолж байна.
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр улс орнуудыг жагсаахдаа “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын мэргэжилтнүүд эдийн засаг, хууль эрх зүй, аюулгүй байдал, соёл ба нийгэм гэсэн 5 хүчин зүйлсийг авч үздэг ба сүүлийн нэг жилд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эсрэг шүүх байгууллагын дарамт шахалт нэмэгдсэнтэй холбоотойгоор хууль эрх зүйн хүчин зүйлсийн үзүүлэлт хамгийн ихээр буурчээ.
Монгол улсын хувьд хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 2025 оныхоос 17 байр урагшилж, 180 орноос 85-т бичигдсэн байна. Манай улсын хэвлэлийн эрх чөлөө улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн орчин, аюулгүй байдал, нийгэм гээд бүх талаас сайжирч, хэвлэлийн эрх чөлөөний байдал “хүнд” ангиллаас “асуудалтай” гэсэн ангилал руу шилжээд байна.
Дэлхий даяар хэвлэл мэдээллийн салбар уналтад ороод буй явдалд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байгаагаас сэтгүүлчдийн дунд сөрөг сэтгэгдэл, ажлын байраа алдах эрсдэл, улс төрийн дарамт шахалтаас айсандаа авлига хээл хахууль, хүний эрхийн зөрчлүүд, байгаль орчинд учруулсан хор хохирлуудын талаар бичиж, мэдээлэхээс зайлсхийх, мэдээ мэдээлэлдээ цензур тавих хандлага жил ирэх тусам өсөж байгаа нь ихээр нөлөөлж байна.
Сэтгүүлчид мэдээ мэдээлэлдээ цензур тавих нь олон нийтийн маргааныг хурцатгаж, ардчиллын ил тод байдлыг үгүй хийдэг бол хуурамч мэдээ мэдээлэл нь хурцадмал, тогтворгүй байдал, хямралын эрсдэлийг дагуулж байна.
Хэвлэлийн эрх чөлөө нь сэтгүүлчдэд эрх мэдэлтнүүд, ард иргэдийг төлөөлж буй албан тушаалтнуудын үйл хэргийг дарамт шахалтад орно гэсэн айдасгүйгээр мэдээлэх боломжийг олгодог. Хараат бус, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хөгжлийг дэмжих нь ардчилсан нийгэмд чухал ач холбогдолтой билээ.
Дэлхий даяар өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнүүдийн тоо түүхэн дээд хэмжээндээ хүрснээр дайны бүсэд амиа алдаж буй хэвлэл мэдээллийн ажилтнуудын тоо ч урьд хожид байгаагүй хэмжээнд хүрээд байна.
Сэтгүүлчдийг Хамгаалах Зөвлөлийн судалгаагаар 2025 онд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан хэвлэл мэдээллийн ажилтнуудын тоо хоёр дахь жилээ дараалан рекорд тогтоосон байна. Өнгөрсөн онд хэвлэл мэдээллийн нийт 129 ажилтан ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн нь Сэтгүүлчдийг Хамгаалах Зөвлөл уг тоо баримтыг 30 гаруй жилийн өмнөөс жил бүр нийтэлж ирснээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр тоо аж.
Сэтгүүлчдийг Хамгаалах Зөвлөлийн мэдээлснээр 2024 ба 2025 онд амиа алдсан хэвлэл мэдээллийн ажилтнуудын 2/3 нь Израилын зэвсэгт хүчний цохилтод өртөж, амь насаа алджээ.
Украин болон Суданд амь үрэгдсэн сэтгүүлчдийн тоо нэмэгдсэн ч амиа алдсан сэтгүүлчдийн дийлэнх нь Израилын цохилтод өртсөн палестин гаралтай сэтгүүлчид байгаа аж.
Эх сурвалж: Thomson Reuters Foundation







