
Гашуун яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Өвөрмонголын Өөртөө Засах Орны Улаанчин вангийн Дөрвөд хошуунд нутагтай Т.Нартай, С.Хавар нарын гэр бүл оролцлоо.
Тэдний хувьд өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн охинтойгоо гурвуул Монгол Улсад ирж суурьших болсон юм.
Чухам ямар шалтгаанаар тэнд буй амьдралаа орхин нааш зүглэх болсныг гэргий С.Хаварын хийсэн “Охиноо монгол хүн болгож төлөвшүүлэн эх хэлийг нь эзэмшүүлэхийг хүссэн” гэх агуулга бүхий бичлэгнээс харж байв.
Ийнхүү эх орноо гээд зориод ирсэн элэг нэгтнээсээ юу бодож, юунд эмзэглэж, юунд тэмүүлж яваа талаар нь яриуллаа.
Уншигч та бүхэн авах, гээхийн ухаанаар хүлээн аваарай. Ингэж хэлэх болсон учир юу гэвээс нэвтрүүлгийн урьдчилсан бичлэг цацагдмагц “муусайн хятадууд” гэх сэтгэгдлүүд хүч түрэн орж ирж байсанд юм. Иймээс зочдыг маань хүндэлж хараан, доромжлохгүй байхыг хүсэж байна.
Ингээд бичвэр эхлэхийн өмнө танаас нэг асуулт асууя л даа.
Монгол Улс хэдэн иргэнтэй вэ?
Магад зөвхөн нутаг дэвсгэрийн хэмжээгээр биш цацсан шагай мэт дэлхий даяар тархан суурьшсан үндэстэн, ястануудаа нийлүүлж тооцож үзсэн үү? гээд нэмэлт асуулт хүргүүлэн хариултыг танд үлдээе.
Олны дунд сайн нь ч бий. Саар нь ч бий

Охины минь ирээдүй ямар байхыг мэдэхгүй ч бид чадах бүхнээ хийнэ
Т.Нартай, С.Хавар нар нэг охинтой. Түүнийг нь Н.Анжила гэдэг. Өвөрмонголд байхдаа хятадаар ярьж бичдэг байж л дээ. Аав, ээж нь охиноо монгол хэлээр нь яриулахын тулд чихрээр хуурч ойр зуурын үг хэлүүлнэ. Тэглээ гээд өсөж буй орчин, цэцэрлэгээс нь эхлээд бүх зүйл нь хятад хэлтэй учраас хараахан сайн ярьж чадахгүй л байв. Үүнд нь эмзэглэсэн ээж, аав нь орчныг нь өөрчилж охиноо “Монгол хүн” болгон төлөвшүүлэхээр Монгол Улсыг зорих болж. Охин нь ч эхэндээ “Би тэнд очоод ойлголцож чадах болов уу” гэж санаа зовж байсан ч ирээд удалгүй анхнаасаа л монголоор ярьдаг байсан мэт чөлөөтэй ярьж эхэлжээ. Үүнд нь урамшсан тэдний гэр бүл охиноо 12-р анги төгстөл нь Монголд нь сургахаар болсон байна. Харин цаашид яахыг охиных нь хүсэл, тэмүүлэл тэдэнд заах биз ээ.


С.Хавар: Би өөрийгөө Монгол хүн гэдэгт итгэдэг
Эхнэр С.Хаварын хувьд үндэсний хувцасаараа гангарах дуртай. Хаана ч явсан дээлээ л өмсөнө. Хятадад дээлээ өмсөх үед нь зарим хүмүүс “Чи монгол биш, хятад хүн шүү дээ” гэж хэлдэг байж. Тэглээ гээд тэр түүнд нь уусалгүй “Би өөрийгөө Монгол хүн” гэж итгэж байхад хэн юу гэх нь надад хамаагүй” гэх бодлыг тээн эх хэлээрээ, үндэсний хувцасаараа гангардаг байсан гэнэ. Харин Монголд ирээд дээлтэйгээ явахад гайхах зүйл үгүй, эргэн тойрных нь хүмүүс элгэмсүү хандаж, хаа таарсан газрын худалдагч нар нь “Миний хүү, охин” гэж өхөөрдөн дуудах нь үнэнхүү гүн сэтгэгдэл үлдээж байгааг дурдаж байсан юм.


Т.Нартай: Бидний аялга өөр боловч нэг л хэлээр ярьж байгаа шүү дээ
Нөхөр Т.Нартайгийн хувьд хэл, аялгын тал дэр зөрүү гарч байгаа хэдий ч хэн хэндээ зөв ойлголт үлдээхийг хичээж буй талаараа ярьсан юм. Түүнд тохиолдсон нэг жишээ болвоос:
Таксины монгол ахын “Аль нутаг вэ дүү” гэх асуултанд “Өвөрмонгол” гэж хариулснаас үүдэн “Монголоор сайн ярьдаг юм байна” гэх хээгүй, хэнэггүй хариултаас хоёр өөр газар суурьшсан монголчуудын эхний ялгаа гарч эхэлжээ. Үүнд нь “Бид аялга өөр боловч нэг л хэлээр ярьж байгаа шүү дээ” гэж хариулсан нь үндэсний бичгээ хэвээр нь хадгалж яваа тэдний хэлэх ёстой үг биз.
Харин Өвөрмонгол, Ар Монголын хооронд хэн хэнийхээ нэрийг хугалах, хооронд нь үл ойлголцуулах зүйл их гардаг ч энэ бүхнийг эвлэлдүүлэн холбох гүүр нь болохыг хүсдэг тухайгаа ярьсан түүний ярианаас “Олны дунд сайн нь ч бий. Саар нь ч бий” гэх үгийн тайлбар хамт оршиж буй мэт.
Өвөрмонголчууд хятадад уусаагүй
Тэдний ярианд “Бид хэдий өөр улсад харьяалагдаж байгаа ч Монгол л бол Монгол шүү дээ” гэх агуулга олонтаа давхардаж байсныг хэлье. Үүн дунд “Зарим монголчууд биднийг Хятадад ууссан, Өвөрмонголд Монгол хүн байхгүй гэж ярьдаг. Гэхдээ бид ястан хоорондоо суудаг. Энэ нь цус ойртолт гэсэн үг биш л дээ. Үзэмчин ястан, Өөлд, Урианхай ястантай ч юм уу суудаг. Ингэж л бид цусаа цэвэр авч үлдэх гэж хичээдэг ч сүүлийн үед хаа сайгүй л гадны хүнтэй суух нь элбэгшиж байна” гэх агуулга мөн оршиж байв.


Бид үндэстэн, ястанаа нэгтгэх гүүр болохыг хүсдэг
Ийнхүү Т.Нартай, С.Хавар хэмээх сайхан нэртэй залуу хосууд элгэн саднаа гээд зориод ирж. Ингэхдээ нутаг дэвсгэрээр үл зааглагдах монгол туургатнуудаа нэгтгэж, тэднийг холбох гүүр нь болох чин хүслийг өвөртлөөд Өвөрмонголоос Монгол Улсдаа суурьшсан байна. “Эрхэм хүмүүн та бүхэн эх хэлээ, эх түүхээ, элэг нэгтнүүдээ гээд зориод ирсэн эдгээр хүмүүсээ энхрийлэн, хайрлаж угтаж аваарай. Энэ миний зүрхний бичээс болсон үг шүү” гэх Т.Нартайгийн үгээр нартай хаврын нэгэн бичвэрээ өндөрлүүлье.








