
БНСУ-ын Үндэсний тагнуулын алба Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны охин Ким Жү Эг Хойд Солонгосын дараагийн удирдагч гэж харах нь зөв гэж үзжээ.
Ким Жон Ун охиноо албан ёсоор өөрийн залгамжлагчаар нэрлээгүй байгаа ч БНСУ-ын Үндэсний тагнуулын алба Ким Жү Эгийн улс төр дэх нөлөө улам нэмэгдэж байгааг онцолжээ.
БНСУ-ын парламентын хаалттай хурлын үеэр Үндэсний Тагнуулын албаны дарга Ли Жон Сок хууль тогтоогчдын Ким Жон Уны охины талаарх асуултад хариулахдаа Ким Жон Уны охиныг Хойд Солонгосын дараагийн удирдагч гэж үзэх нь зөв хэмээн хариулжээ.
Хууль тогтоогчдын зүгээс Ким Жон Ун охиноо өөрийн залгамжлагчаар зарлах нь түүний дүү Ким Ё Жоны зүгээс ямар нэг эсэргүүцэлтэй тулгарах уу гэсэн асуултад Үндэсний Тагнуулын албаны дарга Ли Жон Сок Ким Ё Жонд тийм эрх мэдэл байхгүй гэдгийг онцолжээ.
Ким Жон Ун 13 настай гэгдэж буй охиноо сүүлийн жилүүдэд бүхий л чухал арга хэмжээнүүдэд дагуулж явах болсноор Ким Жү Э охин олон улсын анхаарлыг татаад байгаа билээ.
Хойд Солонгосын KCNA агентлаг Ким Жү Эг Хойд Солонгосын удирдагчийн хайртай охин хэмээн тодорхойлж, аав охин хоёр ойр дотно харилцаатайг гэрэл зураг, бичлэгүүдээрээ харуулахыг эрмэлзсээр байгаа юм.
БНСУ-ын Үндэсний Тагнуулын алба 2024 оны эхээр анх Ким Жү Э аавынхаа залгамж халааг авах магадлалтай тухай мэдээлж байсан бол энэ оны 2-р сард Ким Жү Э Хойд Солонгосын ирээдүйн удирдагчаар тодроход ойр байгаа тухай мэдээлсэн билээ.
Зарим шинжээчид Хойд Солонгосын эрчүүд төвтэй нийгэм эмэгтэй удирдагч хүлээж авахад бэлэн бус байгааг мөн 42 настай Ким Жон Ун залгамжлагчаа нэрлэж, эрх мэдлээ алдахад хэтэрхий залуу байгааг онцолжээ.
1948 оноос хойш Хойд Солонгосыг Ким овгийн эрчүүд удирдаж ирсэн ба 2011 онд Ким Жон Ил өөд болсны дараа түүний хүү Ким Жон Ун аавынхаа залгамж халааг авсан бол Ким Жон Илийн хувьд мөн адил 1994 онд эцэг Ким Ил Соныг өөд болсны дараагаар Хойд Солонгосын удирдагчаар томилогдсон билээ.
БНСУ-ын Үндэсний Тагнуулын алба Хойд Солонгосын эрх баригчид Ким Жон Уны охины арми дахь нэр нөлөөг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн талаарх тогтсон хэв шинжийг эвдэх үүднээс цөмийн зэвсгийн туршилт, зэвсэгт хүчний бэлтгэл сургуулилт зэрэг үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулж байгааг онцолжээ.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News







