
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Серби улсаар дамжин ОХУ-аас Унгар луу байгалийн хий дамжуулдаг хоолойн орчимд тэсрэх бодис олдсон тухай мэдэгджээ.
Тэрээр, “Бидэнд байгаа мэдээллээс Унгар улсыг байгалийн хийгээр хангадаг Turkish Stream хоолойны Сербийн өөртөө засах Воеводина нутаг дахь хэсэгт хорлон сүйтгэх ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байсан нь тодорхой болсон.” хэмээн мэдэгдсэн бол Унгарын Гадаад харилцааны сайд Петер Сийярто уг алан хядах ажиллагаа нь украинчуудын ОХУ-ын газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлтийг тасалдуулах гэсэн оролдлоготой төстэй байгааг онцолжээ.
Сербийн засгийн газар Унгар болон Сербийг холбосон хийн хоолойн орчмоос тэсрэх бодис олдсон тухай Унгарын засгийн газарт мэдэгджээ. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучичийн хэлснээр тэсрэх бодис болон тэсрэх төхөөрөмж бүхий хоёр үүргэвч Turkish Stream хоолойны Balkan Stream хийн хоолойноос хэдхэн зуун метрийн зайнаас олдсон аж.
Уг хэрэг явдлын дараа Унгарын Ерөнхий сайд В.Орбан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулсан аж.
ОХУ-тай ойр, нөхөрсөг харилцаатай үлдсэн цөөн хэдэн төрийн тэргүүнүүдийн нэг бол Унгарын Ерөнхий сайд В.Орбан юм. Тэрээр парламентын сонгууль болох гэж буйтай холбоотойгоор сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Киевийг Унгарын эрчим хүчний салбарыг доголдуулахыг оролдож байна хэмээн удаа дараа буруутгаж, Киев бол Унгарт заналхийлж буй бодит аюул хэмээн тодорхойлоод байгаа билээ.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News







