
Канадын алдарт дуучин Селин Дион 58 насны төрсөн өдрийн видео мэндчилгээндээ ирэх намар Парис хотод тоглолтоо хийх гэж буйгаа мэдэгджээ.
2022 онд тэрээр ховор тохиолддог булчин чангарах, гар хөл саажих, ингэхдээ хүчтэй өвдөлт өгөх шинж тэмдгээр илэрдэг мэдрэлийн аутоиммун эмгэгтэй гэж оношлогдсон юм. Уг эмгэг нь түүний алхаж явах, дуулах чадварт нь нөлөөлж, С.Дион 2023 онд аялан тоглолтоо цуцалж, фенүүддээ өвчнөө ялан дийлж, тайзнаа эргэн ирнэ гэдгээ амласан билээ.
Төрсөн өдрийн мэндчилгээндээ С.Дион шүтэн бишрэгчдэдээ талархаж буйгаа илэрхийлж, “Та бүхэндээ миний бие сайн байгааг хэлэх гэсэн юм. Дахин дуулж эхэлсэн, бага багаар бүжиглэж байна, мэдээж бүжиглэх дуртайг минь та нар мэднэ. Та бүхэндээ нэг чухал зүйл хэлэх гэсэн юм. Сүүлийн хэдэн жил та бүхнийхээ залбирал, дэмжлэг, сайхан сэтгэл болон хайрыг өдөр бүр мэдэрсэн. Хамгийн хэцүү цаг үед ч та нар минь дэргэд байсаар байсан билээ. Энэ жил би амьдралдаа авч үзээгүй хамгийн гоё бэлгээ авах гэж байна. Энэ нь та бүхэнтэйгээ ахин уулзаж, 9-р сарын эхээр Парист тоглолтоо хийх явдал юм. Би маш их баяртай байна. Тайзнаа ахин гарахад бэлэн байна. Бие маань сайн байгаа, хүчтэй байгаа. Мэдээж би маш их догдолж сандарч байна. Гэхдээ би хамгийн ихээр та нартаа баярлаж байна. Хайртай шүү, удахгүй уулзъя” хэмээн мэндчилжээ.
Францын нийслэл Парис хот даяар энэ сарын сүүлээр Селин Дионы дууны үгнүүдтэй нууцлаг постерууд гараад байсан юм. Тэгвэл уг постерууд нь дуучин бүсгүй ирэх 9, 10-р сард 40 мянган хүний суудалтай Парисын La Defence Arena цэнгэлдэхэд тоглолтоо хийх гэж буйтай холбоотой байсан аж.
Түүний тоглолтын тасалбарын урьдчилсан борлуулалт ирэх сарын 7-ноос CelineDion.com сайт дээр эхлэх аж.
Хамгийн сүүлд Селин Дион 2024 оны Парисын Олимпын наадмын нээлтэд Эйфелийн цамхаг дээр зассан тайзнаас Эдит Пиафын “Hymne à L’Amour” дууг дуулж, олон нийтийн өмнө тайзнаа гарсан билээ.
Мэдээллийн албан ёсны түнш: AP News








