
Дундговь аймаг математик, физик, нийгмийн ухааны хичээлийн элсэлтийн шалгалт /ЭШ/ -аар улсдаа тэргүүлсэн. Тус аймгаас хоёр сурагч 800 оноо авсны нэг нь Ө.Март. Бид түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө ЭШ-аа амжилттай өгч, Монгол хэлний хичээлээр 800 оноо авсанд нь баяр хүргэе. Ямар сургуульд, ямар мэргэжлээр элссэн бэ?
-Баярлалаа. Миний хувьд өнгөрсөн намар говийн бүсийн орос хэлний олимпиадад оролцоод, ОХУ-д 100%-ийн тэтгэлэгтэй суралцахаар шийдсэн. Москвад сэтгэл зүйчээр суралцана. Монгол хэлээс гадна англи хэл, орос хэлээр шалгалт өгсөн.
-Сурах бичиг дээр, өмнөх жилүүдийн жишиг даалгавар дээр байхгүй юмс шалгалтад орж ирсэн гэцгээж байна. Монгол хэлний шалгалт хэр хэцүү байв?
-Ерөнхийдөө их гайгүй байсан. “Тамгагүй төр”-ийг хүүхдүүд шүүмжилж байгаа харагдсан. Уг нь бол “Тамгагүй төр” чинь сурах бичиг дээр байдаг л эх шүү дээ. Сурах бичиг дээр байгаа зохиолуудаа судлахгүйгээр ЭШ өгөөд, бухимдаж байгаа нь бэлтгэл муугийнх нь л байх.
-Сурах бичиг дээр байгаагүй, огт мэдэхгүй “буудсан” агуулга байсан уу?
-Байгаагүй ээ. Би монгол хэл, бичгээр улсын олимпиадад бэлтгэж, түрүүлсэн. Тэр утгаараа бэлтгэл өндөр байсан болов уу гэж бодож байна.
-Танай аймгаас хоёр хүүхэд Монгол хэлний хичээл дээр 800 авсан юм байна лээ. Тэр хүүхдийг таних уу, хамт сонгон, давтлагад явдаг байв уу?
-Бид хоёр хамт бийрийн дугуйланд явдаг байсан. Нэгнээ танина, танина. “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд байр эзэлж, МУБИС-д үнэгүй суралцах эрхийн бичиг “өвөртөлсөн” залуу. Бид хоёр яг шалгалтад орохын өмнө ингээд таараад, бие биедээ амжилт хүсэж, гар бариад орсон. Тэгээд хоёул 800 авсан байна лээ.
-Шалгалтынхаа оноог харчхаад баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнтэй хуваалцав?
-Багшдаа хэлсэн. Уралдаан, тэмцээнд оролцоод гарч ирээд багшдаа хэлчихдэг. Тэр өдөр ч мөн ялгаагүй гарч ирээд, 800 оноо авчихсан байх гэж мэдрэгдсэн. Багш маань ч намайг 800 авна гэж хүлээж, найдаж байсан. Багшийнхаа хүлээлтэд хүрсэндээ маш их баяртай байна.
Миний багшийг Дашзэвэгийн Отгонсүрэн гэдэг. Монгол Улсын зөвлөх багш. Олон жилийн туршлагатай, сурагчдад мэдлэг чадвар харамгүй хайрладаг хүн. Багшийнхаа хүчинд бас өөрийнхөө хичээл зүтгэлээр энэ оноог авч чадсан.
Аав ээжийн маань ямар нэгэн байдлаар “Чи заавал 800 авна шүү. Заавал амжилтад хүрэх ёстой шүү” гэж ямар нэгэн байдлаар надад хэзээ ч шахалт үзүүлж байгаагүй. Өөртөө зарцуулах, хичээх цагийг гаргаж өгдөг байсан.
-ОХУ-д сурах гэж байгаа гэлээ. Яагаад сэтгэл зүйчээр сурахаар болов?
-Есдүгээр ангиасаа “Гадагшаа явж сурна” гэж өөртөө зорилго тавьсан. Өсвөр насандаа хэн бүхэн л сэтгэл зүйн асуудалтай тулгардаг даа. Намайг багад ихэнх сургууль сэтгэл зүйчгүй байлаа. Манай сургууль ч сэтгэл зүйчгүй. Тухайн үед сэтгэл зүйч болоод, өсвөр насны хүүхдүүдэд тусалж чадах юм байна гэдэг бодол надад төрж байсан юм. Тэгээд л сургууль сонголт, мэргэжил сонголт хийх болоход өөрөө болоод гэрийнхэнтэйгээ ярилцаад л шийдчихсэн. 100 хувь өөртөө итгэлтэйгээр шийдсэн дээ.
-Ирэх жил ЭШ өгөх дүү нартаа зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж хэлэх вэ?
-Хувь хүний хичээл зүтгэл маш чухал ч багшийн ур чадвараас бас их зүйл шалтгаалдаг гэж би боддог. Чамд үнэхээр хэрэгтэй мэдээ мэдээллийг өгч чадаж байгаа багшийн хажууд очоод, чи өөрөө хичээл зүтгэл гаргавал тэр амжилтад хүрэх зам. Мөн нэгийн тэд, хоёрын тэд гээд зөвхөн тест ажиллаж буй нь өөрийгөө хуурч байгаатай адил. Зөв, бурууг нь мэдэхгүй дугуйлаад буй нь тийм ч үр дүнтэй гэж би бас боддоггүй. Нэг сэдэв аваад, “би яг юуг нь чадахгүй байна” гэдгээ анзаарч, түүнийгээ уншиж, судалбал л…Энэ мэт байдлаар эртнээс, яг өнөөдрөөс бэлдэж эхлээрэй гэж хэлмээр байна. Мөн ЭШ-аас гадна өөр зорилготой байгаарай. Зөвхөн ЭШ гэдэг босгыг давчихвал гэж биш гадагшаа сурах, тэтгэлэг авах, IELTS оноо авах гэх мэт давхар зорилготой байгаарай. Түүндээ тууштай байгаарай л гэж хэлье дээ.