
Өнөөдрийн манай зочид бол Б.Энхням, Б.Маралмаа, Д.Дэрэм нар. Тэдний “Хэний хүүхдүүд” нэртэй контентыг та цахимаас харсан ч байж мэднэ. “Хэний хүүхдүүд” контент бүтээгчид Хүмүүнлэгийн ухааны гуравдугаар түвшний оюутнууд.
Тэдний түгээж буй контент үзэгчдийнхээ сэтгэл санааг эмчлэх, мэдээлэл түгээх, мэдлэг олгох үндсэн зорилготой. Тэдний хүсэл мөрөөдлөөр дүүрэн, дэврүүн хэр нь тулхтай яриаг хүлээн авч уншаарай.
“Хүний хүүхдүүд”-ийн Д.Дэрэм: Оюутнуудын энгийн нэг амьдралыг эцэг эхчүүд ойлгоосой.
Манай дээд курсийн ах эгч нар биднийг бор шувуунууд гэдэг байсан юм. Тэр үгнээс үргэлжлүүлэн бодож байгаад л контент хийх санаа төрсөн. Оюутан насныхаа дурсамжийг авч үлдье хэмээн ордны хойно анхны бичлэгээ хийж байсан. Тэр бичлэгийг олон хүнд хүрнэ чинээ ч санаагүй. Гадуур явж байтал энэ гурвыг хаана харлаа. Нэг бичлэгийг нь үзэж байсан юм байна. Хэний хүүхдүүд билээ гээд яриад байсан. Түүнээс санаа аваад л энэ нэрийг өгсөн юм. Цаашилбал оюутны амьдралын талаар түрүүн дээр дурдсан даа. Тэгэхээр оюутнуудад яг юу тохиолддог юм, дүн нь яаж гардаг юм, энгийн нэг өдрүүд нь хэрхэн өнгөрдөг юм гэдгийг л ээж аав болон нийгэмд ойлгуулахаар хошин шогтой хослуулан ийнхүү олон нийтэд хүргэж байна.
ХУИС-ийн оюутан Б.Энхням: Инстаграм бол арай эрүүл, фейсбүүк их нервтэй
Инстаграмыг яалт ч үгүй арай залуучууд ашигладаг. Тийм хүмүүс ихэвчлэн хэрэглэдэг болохоор яг бид нарын мааз ч зүйлийг илүү ойлгоод байгаа юм шиг санагддаг. Фэйсбүүк хэрэглэгчдийн тухайд арай л сөрөг стресстэй юм шиг санагдаад байгаа. Бид саяхан л пейж нээж эхэлсэн юм. Хэдийгээр эерэг зүйл хийж байгаа ч гэсэн доор нь сөрөг сэтгэгдэл орж ирэх тохиолдол байдаг. Тэрийг устгая ч гэж боддоггүй. Уншаад сэтгэлээр ч унаад байдаггүй. Бэлтгэлтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Монголчууд аль болох эерэг гоё нийгмийг бүтээвэл зүгээр санагддаг. Ингэхийн тулд бид ч гэсэн гар бие оролцох болно.
ХУИС-ийн оюутан Б.Маралмаа: Бид том мөрөөдөлтэй Бид нар энэхүү хийж буй контентоо бүүр илүү өргөжүүлнэ.
Тэр үед мэдээж сэтгүүл зүйн ангиа төгссөн байж таарах байх. Тэгээд редакц байгуулж эрүүл сэтгүүл зүй хийх том мөрөөдөлтэй. Сэтгүүл зүйн ах эгч нарыгаа ч гэсэн шударга байхыг уриалж байна. Шантааж хийдэггүй, шударга байвал бидний мэргэжил илүү үнэ цэнтэй байх болов уу гэж бодож байна. Энэ ташрамд хэлэхэд манай Хүмүүнлэгийн сэтгүүл зүйн тэнхимийн студи их гоё. Энд орж бичлэгээ хийх боломж бололцоогоор хангадаг тэнхимийн багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. .