
“Ноён”-ы хүүгийн тансаглал төрийн хэрэг болсон нь
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн найз бүсгүйдээ гэрлэх санал тавьж, үнэтэй брэндийн цүнх, алмазан шигтгээтэй бөгж бэлэглэсэн зэрэг нийтийн албан тушаалтан аавын орлоготой, 20 гаруй настай залуугаас гарахааргүй өндөр зардалтай ТАНСАГЛАЛ ил болсноор өнөөгийн улс төрд үүссэн тогтворгүй байдал, Ерөнхий сайд огцрох, Хамтарсан Засгийн газар тарах нөхцөлийг бүрдүүлээд байна.
Улс төрийн үйл явдал хэрхэн өрнөснийг энд хэлүүлэлтгүй уншигч та санаж буй нь мэдээж. Үнэндээ Ерөнхиий сайдыг орлогоо нотолж, огцрох шаардлагыг 20 орчим насны залуус эхлүүлж, энэ нийгэм тээнд шударга бус хандаж, амьдрах бус амьд байх арга хайхад хүргэж байгаад бухимдан Төв талбайд жагсан, шаарлага хүргүүлсэн.
Харин үүнийг улс төрийн “сценарь” зохиогчид овжин ашиглаж “нялх биетэй ээжийг өвлийн хүйтэнд гэрийн шаахайтай нь эмнэлгийн үүднээс машинд суулгасан”-аас болж ард түмнээс уучлал эрж, Ерөнхий сайдын албаа өгч байсан эрхмийн түүхийг давтан хүүгийн тансаглал, орлого нотлох асуудлаас халиаж улс төрийн “сөрсөн базаа” болгож хувиргалаа.
Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш эмхлэн байгуулагдсан Засгийн газрууд 1,5 жилийн л настай явсаар ирсэн түүхийг одоогийн Засгийн газар сонгууль дамнаж, 5 жил гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлсэн. Ингэхдээ 1 жилийн өмнө Засгийн газраа байгуулахдаа парламент дахь улс төрийн бусад намын төлөөллөө багтаан Хамтарсан Засгийн газрыг байгуулж, “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хэмээх гэрээг байгуулан ажилласан ч өнөө хамтрал нь гэрээгээ зөрчсөн гэх МАН-ын Бага хурлын шийдвэрээр Ерөнхий сайдтайгаа огцрохоор боллоо.
Дахин шилний цаанаас чихэр долоолгов
Хамтарсан Засгийн газар олон нийтээс өндөр хүлээлттэй байсан Баялгийн сангийн хуулийн хэрэгжилт, стратегийн ордуудын тодорхой хувийг төрд авах, хөгжлийн суурь болсон бүтээн байгуулалтын Мега 14 төслийг эхнээс нь хөдөлгөсөн, дэлхий хүн төрөлхтөний өмнө тулсан шинэ сорилт болох Ковид-19 цар тахлыг даван туулж, эдийн засгаа сэргээсэн гээд хийж хэрэгжүүлсэн нь бий ч яриа төдий, тунхаг төдий байлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд “Баялгийн сан”-г өөртөө, өөрийн тэргүүлсэн Засгийн газартаа нааж ярьдаг ч үнэндээ 2010-аад оноос эхлэн уул уурхайн баялгаа төсвөөс тусад нь санд хуримтлуулж, арвижуулах тухай яригдаж, Ирээдүйн өв санг бий болгосон ч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын үед дутагдсан төсвөө нөхчихсөн удаатай.
Тавантолгойн бүлэг орд, Нарийнсухайт, Ухаа худаг ордыг МАК, MCS-ээс авах тухай олон жил л ярьж байна. Гэтэл тэд ав л гээд байхад хий улс төр хөөж, Эдийн засгийн зөвлөлийн хурал бүр дээр эзэмшигчтэй нь нэг ширээний ард сууж, хуралдаж буй хэрнээ ард түмнийг төөрөгдүүлсээр байгаа нь хачирхалтай…
Эрдэнэт үйлдвэр, Салхитын мөнгөний орд зэрэг ордуудыг төрийн мэдэлд авч, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдыг айлган, сүрдүүлсэн нь үнэхээр эх оронч, ард түмэндээ өгөөжтэй үйлдэл байв уу гэтэл ковидын үеэр Эрдэнэт үйлдвэрээр эрчим хүчний төлбөрийг л төлүүлсэнээс өөр өгөөж гарсангүй.
Л.Оюун-Эрдэнэ: “Монгол Улс яагаад ийм хүнд байдалд орчихсон бэ гэхээр манайх хэдхэн мөнгөтэй хүнтэй сонгууль болохоор бүгдээрээ тэр мөнгөтэй хүмүүс дээрээ давхиж очоод, хандив аваад, хандивынхаа төлөөсөнд шүүх, хууль хяналтын байгууллагуудынхаа удирдлагуудыг өгөөд нийслэлийн газраа, өмч хувьчлалаа, дээрээс ашигт малтмалын лицензүүдээ бүгдийг өгөөд хэдхэн хүний гарт орчихсон. Энэ аль аль намын системд нөлөөлдөг нь нууц биш” гэж УИХ-ын сонгуулийн өмнөхөн хэлж байсан түүний тэргүүлж орсон багийнхан мөн л дээрх компаниудаасаа хандив авчихсан байгаа нь “наашаа харж нэгийг, цаашаа харж хоёрыг ярьж” байгааг нь баталсан юм.
Ерөнхий сайд, Засгийн газар нэгэнт огцрох нь тодорхой болсон учраас дараагийн Ерөнхий сайдын асуудал эрх баригч нам дотор хүчтэй өрнөж байна.
Тэр Ерөнхий сайд МАК, Ачит ихт, MCS зэрэг “мөнгөтэй хүмүүс”-тээ баригдахгүй, стратегийн ордуудын төрд эзэмших хувиа авах хэлэлцээр хийж чадах уу? эсвэл ард түмний толгойг эргүүлж, хоосон амлалт, хийрхэлээ ярих уу гэдгийг та бид “хэрсүү” байж, таних л хэрэгтэй байна.
Намынхаа Бага хурал дээр “ажлаа өгье” гэж хэлсэн ч начир дээрээ шинэ “зохиол” уншуулж эхэллээ
Л.Оюун-Эрдэнэ суудлаасаа зуурч, түүнийг нам, гудамж, талбай, сошиалд хамгаалагчид хүчээ нэгтгэн, нэгэн “зохиол” дор хөдөлж эхэллээ.
Өнгөрөгч амралтын өдрүүд болон даваа гарагт олон хэлбэрээр Л.Оюун-Эрдэнэ огцорвол,
Хувилбар 1: Засаглалын хямрал үүснэ: Хэрвээ Ерөнхий сайд огцорч, Хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг хасч, МАН дангаараа засгаа бүрдүүлэх юм бол парламент дахь сөрөг хүчин уурсан буцалж, улс төрийн бойкот хийж, хууль, тогтоол батлагдахгүй, УИХ гацаанд орно.
Хувилбар 2: Уул уурхай, бүтээн байгуулалт, аж үйлдвэр, эрчим хүчний томоохон /Мега 14/ төслүүд Л.Оюун-Эрдэнэ, Хамтарсан Засгийн газаргүй бол урагшлахгүй.
Хувилбар 3: Ерөнхийлөгчийн засаглал руу орлоо: Хамтарсан Засгийн газрыг тараах, Ерөнхий сайдыг огцруулах ажлыг Ерөнхийлөгч хийж байна. Тэрээр уулзах үедээ “АН-ыг засгаас гарга, эс бөгөөс ажлаа өг” гэж дарамталсан. Ингээд шүүх засаглал+Гүйцэтгэх засаглатайгаа нэг хүний гарт очлоо.
Энэ 3 хувилбараар тоть шиг давтан ярих хүмүүс орлогоо нотлохгүй, суудлаа сахин үлдэх гэсэн Ерөнхий сайдын “улаа хамгаалагчид” гэлтэй…
Үнэндээ Л.Оюун-Эрдэнэгүй л бол
- Уул уурхайн томоохон төслүүд түүнээс үл шалтгаалан олборлолтоо хийж, Баялгийн сангаа аривжуулсаар л байх болно.
- Хувийн хэвшил хөрөнгө оруулагчид лиценз, эзэмших хувиа төрд булаалгана гэж айхгүй тогтвортой ажилласаар байх болно.
- Авлига, албан тушаалын хэрэг АТГ-ын мэдээлэл, мөрдөн шалгалтаар илрээд, хуулийн өмнө хариуцлагаа хүлээгээд л явах болно.
Эцсийн дүндээ Л.Оюун-Эрдэнийг огцруулах нь монголчуудад хожоотой, улс орны ирээдүйд ч хэрэгтэй гэдэг нь тодорхой юм.
Ардчилсан нийгэмд институц, бодлого, хууль, эрх зүйн орчин, ард иргэдийн ажил орлого, аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил дээр улс орон тогтдог.
Харин дарангуйлагчтай нийгэмд ганц хүнээр улсыг төлөөлүүлж ойлгодог. Бид сүүлийн тодорхойлсон нийгэм рүү орж байгааг олон улсын судалгаа ч баталдаг.
“Их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул” хэмээн Чингис хаан нэгэнтэй хэлсэн байдаг.
Тиймээс л “хэрсүү” байцгаая гэдгийг дахин сануулъя.