
Нийтлэлч Б.Мягмардорж
Өнгөрсөн шөнө МАН бага хурал цаг үеийн асуудлаар хуралдсан. Тус хурлаас гарсан шийдвэрийн талаар зарим гишүүд мэдээлэхдээ Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээгээ зөрчсөн тул МАН дангаараа засаглах тухай шийдвэр гарсан гэлээ.
Одоо цаашид процесс хэрхэн үргэлжлэх вэ?
Юун түрүүнд, МАН дангаараа засаглана гэдэг нь энэ засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шууд огцорно гэсэн утгатай биш юм. Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэсэн заалт байсан. Харин, 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр энэ заалтыг “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж өөрчилсөн.
Өөрөөр хэлбэл, одоогийн Үндсэн хуулиар бол засгийн газрын гишүүдийн тэн хагас буюу 50% огцорсон ч Ерөнхий сайд эсвэл засгийн газар бүхэлдээ огцрох үр дагавар үүсэхгүй гэсэн үг. Түүнчлэн, одоогийн Засгийн газрын бүрэлдэхүүн нь Ерөнхий сайдыг оролцуулан нийт 23 хүн байгаа бол засагт буй АН болон ХҮН намынхан нийлээд 10 гишүүн байгаа буюу угаасаа засгийн газрын бүрэлдэхүүний тэн хагас гэдэгт хүрэхгүй.
Тэгэхээр, МАН-ын бага хурлын өчигдөр шөнийн “МАН дангаараа засаглана” гэх шийдвэр дангаараа шууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг эсвэл засгийн газрыг бүрэлдэхүүнээр огцруулах агуулга илэрхийлэхгүй, тийм үр дагаварт хүргэхгүй. Нэг үгээр бол МАН-ын бага хурлын энэ шийдвэрийг “Засаг огцрохоор боллоо” гэж мэдээлэх нь буруу бөгөөд худлаа, харин “Хамтарсан засгаас цөөнх намуудыг гаргана” гэвэл зохино.
АН, ХҮН намууд энэ хамтарсан засгаас гарах нь ёстой л “цаг хугацааны” асуудал байсан гэдгийг бүгд л эчнээ мэдэж байсан биз. Нэгэнт МАН-ын бага хурлын шийдвэр Л.Оюун-Эрдэнийг ерөнхий сайдаас буулгах агуулгагүй тул одоо түүнийг огцруулах талаарх иргэдийн шаардлага, жагсаал хэвээрээ юу гэдэгт илүү анхаарах нь зүйтэй болов уу.
Иймдээ ч #ОгцрохАмархан жагсаалынхан өнөөдөр ес дэх өдрөө үргэлжлэхээ мэдэгдээд байгаа юм.
Харин, бид “Ерөнхий сайд огцрох болон огцорсны дараах процессын тухай” нийтлэлдээ бичсэнчлэн доорх гурван үндэслэлээр л Ерөнхий сайд огцрох боломжтой байна. Үүнд:
- Ерөнхий сайд өөрөө огцрох хүсэлт гаргавал;
- Ерөнхий сайд итгэл хүлээлгэх тогтоолын төслийг УИХ-д оруулбал;
- УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу 32 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-д тавивал.
Та дээрх гурван үндэслэлийн дэлгэрэнгүйг “Ерөнхий сайд огцрох болон огцорсны дараах процессын тухай” нийтлэлээс уншиж болно.
Л.Оюун-Эрдэнэд одоо Ерөнхий сайд хэвээр үлдэх ямар найдвар байгаа вэ?
Түүнийг огцруулах шаардлага эд хүчээ авч байх үеэр Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2025.05.21/ “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, төлүүлэх тухай хуулийн төсөл” – ийг өргөн мэдүүлжээ.
Энэ үйлдлийг л зарим хүмүүс “өөрийг нь огцруулах эсвэл итгэл хүлээлгэх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед түүнийг дэмжсэн санал цуглуулахад нэмэр болох” зорилготой гэж ч таамаглаж буй. Л.Оюун-Эрдэнийн сүүлийн найдвар гэж харагдаж байна.
Гэхдээ, ийм хуулийн төсөл өргөн мэдүүлсэн нь өөрийнх хүү буюу гэр бүлийн хамаарал бүхий хүний хэдэн арван саяар хэмжигдэх зарцуулалтынх нь орлого нотлогдохгүй байгааг, тэр нь Л.Оюун-Эрдэнийн “хөрөнгө орлогын мэдүүлэг”-тэй хамааралтай гэвэл Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогын мэдүүлгээс зөрж байгаа зэргийг зөвтгөх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, ийм хуулийн төсөл өргөн мэдүүлсэн нь Л.Оюун-Эрдэнийг хууль зөрчсөн гэж хардаж буй иргэдийн хардлагыг “мухарлахгүй”, цаашлаад иргэдийн шаардлага, жагсаалыг зогсоохгүй. Иргэдийн зүгээс гэр бүлийн гишүүн, хамаарал бүхий хүн, хүү нь хөрөнгө орлогын мэдүүлгээс нь давахуйц зардалтай буюу Ерөнхий сайдын орлого нотлогдохгүй байгаа тул огцруулна уу гэх л шаардлага тавьж байгаа.
Тэгэхээр, дээр дурдсан 3 үндэслэлийн алинаар нь ч бай Л.Оюун-Эрдэнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхдээ УИХ ба УИХ-ын гишүүд иргэдийн энэ зүй ёсны шаардлагыг онцгой анхаарах нь чухал юм. Энэ 3 үндэслэл аль нь ч бай эцсийн шийдвэрийг гаргах субъект бол УИХ. Хэрвээ, Л.Оюун-Эрдэнэ хүсэлтээ гаргасан байгаад, тэрийг нь УИХ хүлээж авахгүй бол иргэдийн дургүйцэл, шаардлага, жагсаал УИХ-ын эсрэг болохыг ч үгүйсгэхгүй.
Түүнчлэн, нийтлэлийн төгсгөлд МАН-ын бага хурлын шийдвэрийн талаарх мэдээлэлтэй холбоотой анхаарах ёстой бас нэгэн ноцтой зүйлийг дурдъя. Хурлын шийдвэрийн талаарх мэдээнд “хамтарсан засгийн газар байгуулах хамтран ажиллах гэрээ” гэдгийг онцлон дурджээ.
Гэтэл энэ гэрээ яагаад иргэдэд, олон нийтэд ил тод биш байгаа вэ? Бүхэл бүтэн улсын засгийн газрыг энэ 3 нам ямар нөхцөлөөр, юу тохиролцож, хэн нь хэнийхээ өмнө ямар хүрээнд, ямар үүрэг, хариуцлага хүлээж, ямар амлалт өгч хамтран ажиллаж байгаа иргэд зайлшгүй мэдэх ёстой, мэдэх эрхтэй. Иргэдэд мэдэгдэхгүй, иргэдээс нууцаар ийм “гэрээ” үйлдэж хамтарсан засаг байгуулж байгаа нь шууд утгаараа “хуйвалдаан” гэхэд буруудахгүй.
Иймд, Л.Оюун-Эрдэнэ огцорсон ч, эс огцорсон ч, шинэ засгийн газрын бүрэлдэхүүн нь дангаар ч бай, хамтарсан ч бай МАН, АН, ХҮН намуудын хооронд хамтарсан засаг байгуулахаар тохирсон энэ “хамтран ажиллах гэрээ” нь заавал иргэдэд нээлттэй, ил тод болох ёстой.