
Өрөг.мн сайт МАН-ын бага хурлын гаднаас мэдээллийг шууд дамжуулж, хуралд оролцохоор ирсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна. Гишүүд Хамтарсан Засгийн газарт буй бол нэг бодлого баримталж, нэг замаар явах ёстой талаар байр сууриа илэрхийлж буй.
-Хамтарсан байгаа намууд өөр байр суурь илэрхийлж байгаа нь асуудал-
МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа: Өнөөдөр яагаад энэхүү хуралдааныг хийх болов гэхээр, манай намаас санаачилга гараад байгаа юм биш. Хамтарсан Засгийн газарт орсон байгаа хоёр улс төрийн нам, УИХ-ын гишүүд хамтарсан Засгийн газар байх нь буруу гэдэг байр суурь илэрхийлээд байгаа юм. АН-ын бүлгийн дарга нь хүртэл хамтарсан Засгийн газар байх ёсгүй гэсэн байр суурьтай байна. ХҮН намаас Ж.Золжаргал гишүүн хүртэл гарын үсгээ зураад явж байна. Эдгээр улс төрийн намуудын бодлого өөрчлөгсөн юм уу. Хамтарсан байгаа намууд өөр байр суурь илэрхийлж байгаа бол бид асуудалд яаж хандах ёстой гэдгээ хэлэлцэнэ.
-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг цааш нь явуулах нь зүйтэй-
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг цааш нь явуулах нь зүйтэй гэж бодож байна. 14 мега төсөл зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байж иргэдийн хүсэж байгаа тусламж тэтгэмж, нийгмийн үйлчилгээ зэрэг хэрэгжинэ. Тэгэхгүйгээр бид эдийн засгаа тэлэхгүйгээр яаж улс орноо хөгжүүлэх юм бэ гэдэг асуудалтай болоод байна. Цаг хугацаа бүхний шүүгч. Энэ 14 мега төсөл гэж ярьж эхлэхэд монголын ард түмэн яг үнэндээ итгээгүй. Яагаад гэвэл энэ бол 25-30 жил яригдсан зүйл. Намайг 18 настай хүүхэд байхад л ярьж байсан төслүүд 40 гарсан хойно ч хийнэ ээ гэж яригдсаар байсан. Гэтэл өнөөдөр хамтарсан Засгийн газар байгуулаад найман сарын дараа гэхэд Гашуунсухайт төсөл нь хөдлөөд эхэллээ.
-Хамтрахаа болихоор том төслүүдээ яах юм-
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газар хамтарч байгаа үед УИХ хэлэлцэж буй асуудлаа батлах гэж арай хийж 50 хувиа давж байна. Тэгвэл хамтрахаа болихоор яаж хуулиуд нь явах юм бэ? Энэ том төслүүдээ цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Тийм ч учраас бага хурал дээр Ерөнхий сайдыг дэмжинэ гэсэн байр суурьтай байна.
-Хий хоосон улс төржилтөөс болж ялагдаж байна-
МАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг: Олон жил ярьж, Үндсэн хуулиа өөрчилж байж, хамтарсан Засгийн газраа байгуулсан. Хий хоосон улс төржилтөөс болж ялагдаж байна. Бид нэгдэж сурах хэрэгтэй.
-Нууц амрагтайгаа нийлж, салж давхиад байж болохгүй биз дээ-
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: АН урилга хүлээж аваад хамтарсан. Гэвч АН-ын гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санаачилга гаргасан. Нэг бодлоготой байх хэрэгтэй биз дээ. Түүнээс биш нууц амрагтайгаа нийлж, салж давхиад байж болохгүй биз дээ.
-Эхлээд АН, ХҮН намын байр суурийг сонсох нь зүйтэй байсан-
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Эхлээд АН, ХҮН намын байр суурийг сонсох нь зүйтэй байсан болов уу гэж хувьдаа бодож байна. Үүний дараа асуудлыг хэлэлцсэн бол илүү тулхтай, зөв шийдвэр гарах байсан гэж бодож байна.