
Нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах тухай хуулийн төсөл бол зөвхөн хөрөнгө хураах тухай зохицуулалт биш. Авлигын эсрэг багц хуулийн төсөл болох талаар Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэллээ.
Тэрээр, “Энэ хуулийн төслийг нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хураан авч, нөхөн төлүүлэх тухай гэж өөрчилсөн. Субьектуудыг нь төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар өөрчлөөд өнөөдөр УИХ –д өргөн мэдүүлэх шийдвэр гаргалаа. Хуулийн процессын хувьд 2002 оноос эхлэн үйлчлэхээр тусгасан. 2002 оноос хойш эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж байгаад шалгагдаж өршөөгдсөн хүмүүс байна. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авсан атлаа хөрөнгөө хураалгаагүй хүмүүс байна. Ямар нэг эрүүгийн хэрэгт буруутгагдаж, шүүхийн шийдвэр гараагүй боловч хөрөнгөө тайлбарлаж чадахгүй хүмүүс байна. Эдгээр хөрөнгүүдийг шүүхээр хураая, гэхдээ иргэний шүүхийн журмаар хураая, бүх процессуудаа хийе гэдэг өөрчлөлт оруулж байна” гэв.