
Японы Хөдөө аж ахуйн сайд Такү Это өнгөрсөн ням гарагт улс төрийн хандив цуглуулах үйл ажиллагааны үеэр дэмжигчид нь түүнд цагаан будаа үнэгүй бэлэглэдэг учраас цагаан будаа худалдаж авах шаардлага гардаггүй хэмээн хэлснийхээ төлөө уучлалт гуйж, албан тушаалаасаа огцорчээ.
2023 онд тус улсад цагаан будааны ургац муудаж, 2024 онд Япон улс гадаадын олон сая жуулчдыг хүлээн авсан зэргээс болж цагаан будааны хэрэглээ огцом өсөж, үнэ нь түүхэн дээд хэмжээндээ хүрээд байгаа юм. Япон улсад дотоодын цагаан будааны үнэ өнөөдрийн байдлаар өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор Хөдөө аж ахуйн сайд Такү Этогийн хэлсэн үг ард иргэд төдийгүй сөрөг хүчнийхэн, эрх баригч намынхны бухимдлыг төрүүлжээ.
Өнгөрсөн лхагва гарагт огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өргөн барьсныхаа дараа Такү Это, “Ард иргэд цагаан будааны үнийн өсөлтийн дарамтад орсон энэ үед миний бие асар зохимжгүй үг хэлсэн байна” хэмээн мэдэгджээ. NHK сувгийн мэдээлснээр Ерөнхий сайд Шигэрү Ишиба Такү Этогийн оронд Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүмиг томилохоор төлөвлөжээ.
Цагаан будааны үнийн өсөлт нь Японы ард иргэдэд тулгамдаад буй гол асуудлуудын нэг болоод байгаа юм. Тус улсын засгийн газар цагаан будааны үнийг буулгахын тулд нөөцийн цагаан будаанаасаа худалдаанд гаргасан билээ. Гэсэн ч цагаан будааны үнийн өсөлт зогсоогүйгээр барахгүй супермаркетуудаар 5 кг цагаан будаа дунджаар 4268 иений үнэтэй байгаа нь өнгөрсөн долоо хоногийнхоос 54 иенээр өссөн үзүүлэлттэй байна.