
АНУ-ын Нью Йорк хотын алдарт Бруклины гүүрийг Мексикийн тэнгисийн зэвсэгт хүчний Cuauhtémoc нэртэй хөлөг онгоц мөргөсний улмаас хоёр хүн амиа алдаж, 19 хүн бэртэл гэмтэл авсны гурвынх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Цахим орчинд тархсан бичлэгүүдээс 1981 онд Испани улсад хийгдсэн Cuauhtémoc хөлөг онгоцны шургууд Бруклины гүүрний доод хэсгийг мөргөж, хугарч байгааг харж болох юм. Нью Йорк хотын дарга Эрик Адамсын мэдээлснээр осол гарах үед хөлөг онгоцон дээр 277 хүн байсан ба хөлөг онгоц өнгөрсөн бямба гарагт Нью Йорк хотоос Исландыг зорихоор хөдөлж байхдаа ийнхүү осолджээ. Нью Йоркийн Манхеттэн дүүргийг Бруклинтай холбодог, 1883 онд ашиглалтад орсон Бруклины гүүр нь гадаад дотоодын жуулчдын хамгийн ихээр зорьдог газруудын нэг бөгөөд Нью Йорк хотын тээврийн албанаас мэдээлснээр дээрх ослын улмаас гүүрэнд ямар нэг ноцтой гэмтэл гараагүй бөгөөд гүүрний хөдөлгөөн хэвийн явагдаж эхэлжээ.
Нью Йорк хотын цагдаагийн газар Мексикийн хөлөг онгоцонд механик талаас асуудал гарсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум ослын улмаас амиа алдсан Cuauhtémoc хөлөг онгоцны багийн хоёр гишүүний гэр бүлд эмгэнэл илэрхийлж, Нью Йорк хотын даргад тусламж дэмжлэг үзүүлсэн явдалд талархсанаа илэрхийлжээ. Өнгөрсөн сарын 6-нд Мексикийн эргээс хөдөлсөн Cuauhtémoc хөлөг онгоц Нью Йорк хотын дараа Исланд, Шотланд, Испани болон Их Британийг зорих төлөвлөгөөтэй байжээ.