
Парис хотод нүүрэндээ баг зүүсэн этгээдүүд гудамжинд явж байсан эмэгтэйг хүүхдийнх нь хамт хулгайлахыг оролджээ.
Цагдаа нарын мэдээлснээр халдлагад өртсөн эмэгтэй нь Францын крипто валют солилцооны Paymium сайтыг үүсгэн байгуулагчийн охин бөгөөд тэрээр нөхөр хүүтэйгээ гудамжинд явж байхдаа ийнхүү халдлагад өртжээ. Халдлага өнгөрсөн мягмар гарагийн өглөө болсон ба баг зүүсэн гурван этгээд цагаан өнгийн машинаас бууж ирэн, гудамжинд явж байсан эмэгтэйг хүүхдийнх нь хамт хулгайлахыг оролджээ. Эмэгтэй нөхрийн хамт баг зүүсэн этгээдүүдтэй тэмцэлдэж, ойролцоо явж байсан хүмүүс тусалсны ачаар сэжигтнүүд машиндаа суун хэргийн газраас зугтжээ.
Парисын цагдаагийн Зэвсэгт дээрмийн хэлтэс уг хэргийг мөрдөн шалгахаа мэдэгджээ. Францад крипто валютын салбарт ажилладаг хүмүүсийг болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийг хулгайлах гэмт хэрэг ар араасаа гарсаар байгаа аж. Энэ сарын эхээр крипто валютын бизнес эрхэлдэг саятны аавыг нохойгоо салхилуулаад явж байхад нь бүлэг этгээдүүд хулгайлж, гурав хоног барьцаалсны эцэст суллажээ. Ингэхдээ сэжигтнүүд түүний нэг хурууг тасалсан байжээ.
Өнгөрсөн 1-р сард мөн л крипто валютын Ledger фирмийг үүсгэн байгуулагчдын нэг Дэвид Балландыг эхнэрийнх нь хамт Франц дахь гэрээс нь хулгайлж, барьцааны мөнгө шаардсан хэрэг гарсан аж. Цагдаа нар түүнийг болон эхнэрийг нь тусгай ажиллагааны үр дүнд суллаж чадсан ч хэрэгтнүүд Дэвид Балландын нэг хурууг тасалсан байсан байн