
Өнгөрсөн лхагва гарагийн орой Систин сүмийн орой дээр байрлах яндангаас хар утаа гарч, католик сүмийн кардиналууд эхний өдрийн санал хураалтаараа Католик сүмийн тэргүүн шинэ Пап ламыг сонгож чадаагүй болох нь тодорхой болжээ.
Орчин цагийн түүхэнд нэг ч Пап лам эхний өдрийн санал хураалтаар шууд сонгогдож байгаагүй аж. Өнгөрсөн сард таалал төгссөн Пап лам Францисыг сонгоход 48 улсын 115 кардинал оролцож байсан бол шинэ Пап ламыг сонгохоор дэлхийн 70 улсын 133 кардинал нууц санал хураалт буюу конклавт оролцож байна.
Америк тивээс сонгогдсон анхны Пап лам болсон Францис конклавын хоёр дахь өдөр, 5 удаагийн санал хураалтын үр дүнд Католик сүмийн тэргүүнээр сонгогдож байсан түүхтэй аж. Конклавын явцад кардиналуудыг гадаад орчноос тусгаарлаж, гар утас, компьютер зэргийг нь хураан авдаг аж. Кардиналууд Систин сүм болон зочны өргөө хооронд л зорчих ба зөвхөн хооллож, амрахын тулд сүмээс гарах боломжтой юм.
1.4 тэрбум католик шашинтнуудын тэргүүн, шинэ Пап лам сонгогдсон тохиолдолд Систин сүмийн оройн яндангаас цагаан өнгийн утаа гарах юм. Пап лам Францисын удирдлага доор ажиллаж байсан Италийн кардинал Пьетро Паролин, Филиппиний католик сүмийн тэргүүн кардинал Луис Антонио Тагл нар шинэ Пап лам болох магадлалтай гэж яригдаж байна.