
Салбарын шинэ технологи, инновацын шийдлүүдийг танилцуулдаг IFFA 2025 Олон улсын үзэсгэлэн энэ сарын 3-8-ний өдрүүдэд ХБНГУ-ын Франкфурт хотноо болж байна. Гурван жил тутам нэг удаа зохион байгуулагддаг тус үзэсгэлэнд эх орноо төлөөлөн томоохон компаниуд оролцсоны нэг нь 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Хүнс группийн Хүнсний манлай үйлдвэр “Хүнс комплекс” ХХК 5 нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцлоо. Бид өөрсдийн олон жилийн ноу хоу шингэсэн технологийн дагуу “Үхрийн махан салями”, “Шанзтай зайдас”, “Sticks салями”, “Утаж шарсан үхрийн өвчүү” гэсэн 4 бүтээгдэхүүнээрээ АЛТАН медаль, дайвар бүтээгдэхүүнээр хийсэн “Хэлтэй царцаамаг МӨНГӨН медаль тус тус хүртэж амт, чанар, боловсруулалтын түвшингөөрөө шүүгчдийн зүгээс өндөр үнэлгээ авсан баярт үйл явдал тохиолоо.
IFFA олон улсын үзэсгэлэн нь мах, махан бүтээгдэхүүний боловсруулалт түүний бүхий л үе шатыг хамарсан инновац, бүтээгдэхүүний чанар, шийдлүүдийг танилцуулдаг дэлхийн хамгийн нэр хүндтэй үзэсгэлэнгийн нэг бөгөөд 50 гаруй орны 1000-аас ч илүү аж ахуйн нэгжүүдийг цуглуулж эерэг туршлага солилцох боломжийг олгодгоороо онцлогтой.
Уг үзэсгэлэнд хувь хүн, аж ахуйн нэгж оролцох нь олон улсын мэргэжил нэгт түншүүдтэй биечлэн уулзаж туршлага солилцох, ирээдүйн хүнсний салбарын чиг хандлага, соёлын онцлогийн талаар суралцах, мэдлэг мэдээллийг бодитоор авах зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Хүнс комплекс ХХК нь уламжлалт махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ орчин үеийн технологитой хослуулан чанартай, байгальд ээлтэй шийдлүүдээрээ онцгойрч, олон улсын экспертүүдийн талархлыг хүлээсэн ба Монголын хүнсний салбарын өрсөлдөх чадвар, чанарын түвшинг дэлхийн тавцанд баталсан чухал үйл явдал боллоо.