
Энэтхэг Пакистанд агаарын цохилт үзүүлж, Пакистан Энэтхэгийн онгоцнуудыг буудан унагажээ
Энэ лхагва гарагт Энэтхэгийн зэвсэгт хүчний “Синдур ажиллагаа”-ныхаа хүрээнд Пакистан болон Пакистаны хяналтад байдаг Кашмирын хэсэгт байрлах алан хядах бүлэглэлүүдийн дэд бүтцэд пуужингийн цохилт үзүүлсэн гэдгээ мэдэгджээ. Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф Энэтхэгийн агаарын цохилтын улмаас 8 хүн тэр дундаа хүүхдүүд амь үрэгдсэн болохыг онцолж, Пакистаны зэвсэгт хүчин Энэтхэгийн агаарын зэвсэгт хүчний 5 онгоцыг буудан унагасан гэжээ.
Өнгөрсөн сард Энэтхэгийн хяналтад байх Кашмир мужийн Пахалгам хотод “Кашмирын эсэргүүцэл” нэртэй зэвсэгт бүлэглэл жуулчид руу гал нээж, 26 хүний аминд хүрсэн хэрэгт Дели Исламабадыг буруутгаж, хариуцлага тооцохоо мэдэгдэж, хоёр улсын харилцаа хурцадсан юм.
Хүн амын олонх нь хиндү шашинтай Энэтхэг улс, лалын шашин голчлон шүтдэг Пакистан хоёр улс Кашмирын бүс нутгийг хэсэгчлэн хянадаг ба өнөөдрийн байдлаар Кашмирын бүс нутгийг бүхэлд нь хянахын төлөө хоорондоо гурван ч удаа дайтсан билээ.