
Өнгөрөгч пүрэв гарагт /2025.05.01/ АНУ, Украин улсууд олон сар үргэлжилсэн хэлэлцээний эцэст эрчим хүч, ашигт малтмалын нөөцийг хамтран ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа.
Мөн дайны дараа эдийн засгийг сэргээхэд түлхэц үзүүлэхийн тулд сэргээн босголтын хөрөнгө оруулалтын сан байгуулахаар тохирсон.
Трамп тариф дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэсэн, БНХАУ болон АНУ–д харилцан тариф тогтоосон, түүнчлэн Орос–Украины дайны цаг үед энэхүү гэрээ хийгдэж буйгаараа дэлхий дахин ихэд анхаарч байна.
АНУ–ын ерөнхийлөгч Доналд Трамп уг гэрээг критикал минерал буюу чухал ашигт малтмалын гэрээ хэмээн шууд тайлбарласан нь энэ чиглэлд дэлхийн улс орнууд илүү анхаарч ажиллах шаардлагатай гэсэн дохио боллоо. Манай улс ч газрын ховор элемент, чухал ашигт малтмалын чиглэлд бодлогын түвшинд ахиц гарган ажиллах цаг ирээд байна.
Бид Монголын Критикал минералын үндэсний ассоциацийн тэргүүн М.Дагватай АНУ–Украины гэрээ болон Монгол Улсын боломжийн талаар ярилцлаа.
АНУ–Украины гэрээг тойрсон олон улсын шинжээчдийн олон дүгнэлтүүд гарч байна. Таны хувьд уг гэрээ дэлхийн чухал ашигт малтмалын зах зээлд хэрхэн нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байна вэ?
АНУ, Украйны асуудал бол Оросууд Украйн руу довтолсноос хойш Дэлхийн хамтын нийгэмлэг, их олон улс орнууд Украйны тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудалд санаа зовниж, төрөл бүрийн тусламж дэмжлэг, цэргийн, санхүүгийн бусад дэмжлэгүүдийг үзүүлээд явж байсан. Трамп ерөнхийлөгч дахин сонгогдож гарч ирснээрээ асуудлыг арай өөр өнцгөөс ярьж эхэлсэн.
Харилцан ашигтай маягаар бид бие биедээ туслах ёстой. Өмнө нь Америкаас Украинд 2024 он хүртэл өгсөн цэргийн тусламжийн хариуд та нар бас ямар нэгэн хэлбэрээр төлбөр төлөх ёстой гэх мэтийн юмнууд ярьж гарч ирсэн. Тэрийг Украйны тал зөвшөөрөхгүй асуудал нэлээн хурцдаж явж байсан. Цаана нь хоёр улсын Засгийн газрын түвшинд Ажлын хэсгүүд гараад, ажиллаад, хэлэлцээр яваад байна гэдгийг бид янз бүрийн сувгаар сонсоод байсан л даа. Нэлээн ахиц муутай байсан.
Тэгээд сая энэ Ватиканд хоёрерөнхийлөгч ямар ч завсрын хүнгүйгээр, өмнөх уулзалт дээр будилаан хутгаад байсан бусад өндөр албан тушаалтнуудгүйгээр зөвхөн хоёулхнаа сууж байгаад ярьсан. Тэнд юу гэж ярьсан гэхээр хэн хэнийхээ асуудлыг ойлгоод тохиръё гэж хэд хэдэн зүйл ярьсан юм шиг байна. Хамгийн эхнийх нь энэ ашигт малтмал дээр тохирлоо гэж байна. Өмнө гарсан мөнгөний төлбөрт авахгүй юм байна. Онцгой эрхтэйгээр орохгүй юм байна.
Дайны дараа Украйны сэргээн босгох ажил гарцаагүй хийгдэнэ тэрэнд зориулсан сан байх ёстой. Тэгэхээр одоогоор Америкийн цэргийн тусламж үзүүлж байгаа энэ бүх юмнуудыг тэрэнд зориулж хийж байгаа хөрөнгөн дотор оруулж тооцъё. Хариуд ньУкрайны ирээдүйд нээгдэх ашигт малтмал дээр онцгой эрх биш тэгэхдээ давуу эрхээр орох нөхцөлийг нээж өгье гэсэн маягаар ийм зарчмын юмнуудаа л яриад тэрийгээ зурчихсан байна гэж харагдаж байна. Украйны тусгаар тогтнолд Америкаас өгч байгаа аюулгүй байдлын хатуу баталгаа биш боловч дам утгаараа энэ баталгаа болж байгаа юм байна.
Трамп ерөнхийлөгч энийг шууд газрын ховор элементийн deal гэдэг утгаар хэлсэн. Тэгэхдээ энэ зөвхөн газрын ховор элемент биш бусад критикал элементүүд бүгд орж байгаа юм байна. Үүний цаана Америкийн талдаа ирээдүйд Украйн улс нэлээн потенциалтай улс юм байна. Никель, титан гэх мэт онцгой ашигт малтмалуудаар нэлээн их нөөцтэй гэдгийгээ ерөнхийдөө аль аль тал мэдэж байгаа учраас тэрэнд Америкийн ашиг сонирхлыг оруулж өгснөөрөө нэгэнт энэ ашигт малтмал критикал минералын төлөөх том өрсөлдөөн дэлхий даяар явж байгаа үед байхад илүүдэхгүй.
Одоогийнхоо нөхцөл байдалд их аятайхан л ийм гэрээ болж байгаа юм байна гэж ойлгогдож байна.
Олон улс чухал ашигт малтмалын чиглэлд яалт ч үгүй анхаарч, шуурхай ажиллаж эхэлсэн. Манай улс энэ зах зээлийн аль хэсэгт явна вэ?
Чухал ашигт малтмалын хувьд дэлхий нийтээрээ анхаарал тавиад эхэлсэн. Өмнө их олон жил чухал ашигт малтмал тэр дотроо газрын ховор элемент бусад металлууд дээр Хятад улс ихэнхийг боловсруулчихдаг байсан учраас дэлхийн бусад улсуудад энэ чиглэлийн боловсруулах үйлдвэрүүд айхтар хөгжөөгүй.
Зөвхөн боловсруулсан металл, түүхий эдийг аваад дараа дараагийнхаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашигладаг байсан. Тийм учраас дэлхийд хаа сайгүй л өнөөдөр яаж энэ газрын ховор элемент, чухал ашигт малтмалыг олборлох вэ, яаж баяжуулах вэ, тэгээд яаж тэрийгээ бусад металлуудаас салгаж, ялгаж авах вэ гэдэг нэг ийм анхан шатны үйлдэл рүү зэрэг хөдөлцгөөж байна. Тэр утгаараа манайх айхтар хоцроогүй гэж нэг талаар хэлж болно. Гэхдээ нөгөө талд бид нарт технологи байхгүй.
Энэ чухал ашигт малтмал тэр дотор газрын ховор элементийн боловсруулалт их төвөгтэй учраас их олон шат дамжиж боловсрогддог нэлээн төвөгтэй, их хөрөнгө оруулалт, өндөр нарийн технологиуд шаарддаг. Улс орнуудын гол анхаарч байгаа зүйл нь хэнд ямар технологи байна, хэн хөрөнгө оруулалт хийх боломжтой байна, тэрэнтэй нь яаж түншлэх вэ, нөгөө талаараа ийм төрлийн ордуудыг хаанаас яаж олох вэ гэдэг асуудлууд дээр бүгд анхаарч байна.
Манайх газрын ховор элемент, чухал ашигт малтмалын нөөцтэй, түүнийгээ дөнгөж олборлох гээд ганц ордоо урагшлуулсан зүйлгүй л олон жил болж байна. Улс орнууд шиг ямар ашигт малтмалыг чухал гэж үзэх талаар жагсаалт ч батлаагүй байна шүү дээ?
Бид энэ чиглэлд салбарын ассоциацийн зүгээс санаачилга гаргаад явж байгаа. Засгийн газрынтүвшинд энэ асуудлыг өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээс л анхаарч эхэлж байна. Бид нарын хүлээлт бол манай улс чухал ашигт малтмалын жагсаалтыг энэ 2025 ондоо, амждаггүй юм аа гэхэд 2026 ондоо гаргаад, зарлаад, энэ чиглэлээр ажлуудаа идэвхжүүлэх байх гэж хүлээж байгаа.
Критикал минерал дээр шинэ компани байгуулсангүй. Өмнө нь үйл ажиллагаа жоншны чиглэлээр төмрийн хүдэр баяжуулж, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан компанийг өөрчлөн зохион байгуулж байна. Эрдэнэс монгол нэгдлийн хүрээнд чухал ашигт малтмал руу илүү анхаарч критикал минерал дээр ажилладаг ийм бизнесийн нэгжийг бий болгож байна гэсэн үг.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, тэрний дор гүйцэтгэх, бодлого хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг Ашигт малтмалын газарт чухал ашигт малтмал хариуцсан газар, хэлтэс, мэргэжилтнүүдийг шинээр бий болгох ажил ид явагдаж байна. Энэ салбарт Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэх ажлыг сонгуулийн амлалтдаа одоо Засгийн газар оруулчихсан.
Тэрний дагуу салбарт хүлээлт үүсчихсэн байгаа. Хууль нэмэлт өөрчлөлт эсвэл шинэчилсэн найруулга байдлаар хийгдэх үед хуульд чухал ашигт малтмал энэ критикал минералын асуудал орох нь гарцаагүй.
Урд хөрш маань чухал ашигт малтмалын дэлхийн зах зээлийн 80%-ийг нийлүүлж байхад манай улс энэ салбартаа олборлолт хийгээд, хөрөнгө оруулалт татаад ажиллах нөхцөл, боломж ямар байна вэ?
БНХАУ бол критикал минерал дундаа газрын ховор элементийг бусад том салбарын түүхий эдийн олборлолт боловсруулалтын шатандаа дагалдах дайвар байдлаар ялгаж, маш хямдаар гарган авч чаддаг. Тэр утгаараа эдийн засгийн хувьд дэлхийн аль ч өөр газар газрын ховор элементийн бие даасан ордыг үндсэн бизнес болгож ашигладаг байхад БНХАУ дайвар бүтээгдэхүүнээсээ маш хямд ялган авч байгаатай эдийн засгийн хувьд өрсөлдөж чадахгүй байсан юм.
Тийм учраас манай Халзан бүрэгтэй ч тэр дэлхийн бусад улс оронд байгаа олон ордууд ашиглалтад орж чадахгүй байсан. Түүнээс биш манайх айдастай байсандаа ч биш ердөө л бодит нөхцөл байдал тийм байсан.
Сүүлийн 5-6 жилд харин ханган нийлүүлэлтийн сүлжээг салбарлуулах юм байна гэдэг ийм ойлгомжтой нөхцөл бий болсон нь хятадаас бусад дэлхийн олон улсад газрын ховор элементүүд бүхий ордуудаа ашиглалтад оруулах бололцоог нээж өгсөн юм. Манай улсын хувьд критикал минерал дээр гадагшаа хамтарч ажиллахад дэлхийн бүх улсуудтай л ажиллана. Гол нь бид нар энэ зах зээл дээр хэрхэхгаргалгаагаа зөв гаргаад л явах тухай асуудал байгаа юм.