
УИХ-ын үдээс хойших чуулганаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Хүчирхийллийн улмаас 2019-2023 онд 0-19 насны 4262 хүүхэд эрүүл мэндийн байгууллагад хандсан байна. Зам тээврийн ослын улмаас дээрх таван жилд 0-14 насны 320 хүүхэд нас барсан байна. Амиа хорлолт сүүлийн таван жилд 0-9 насны 9 хүүхэд, 10-14 насны 65 хүүхэд, 15-19 насны 179 хүүхэд нийтдээ 254 хүүхэд амиа хорлосон байна. Бид үнэхээр хүүхдээ хамгаалж чаддаггүй.
Бага насны хүүхдийн хүчирхийлэл их байгаа нь эрүүл мэндийн байгууллагад үр хөндүүлж байгаа, төрж байгаа тооноос харагдаж байна.
ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан: Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой орхигдсон хэд хэдэн асуудал байна. Энэ статистик өсөж байгаагийн нэг шалтгаан нь Эрүүгийн хуулийн 14-р зүйлд заасан 14 наснаас доош насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох асуудал. Бэлгийн бойжилт эрт эхэлдэг болсонтой холбоотойгоор 13, 14 настай хүүхдүүд хоорондоо үерхэж, бэлгийн харьцаанд орох тохиолдлууд гарч байна. Энэ тохиолдолд хуулийн тэр заалтаар шууд гэмт хэрэгтэн болох нь түгээмэл байна. Тэгэхээр бид бэлгийн боловсролыг багаас нь олгох хэрэгцээ шаардлага байна. Ялангуяа бэлгийн гаж зан зүйлтэй, бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд ордог педофил өвчтэй хүмүүст сэтгэцийн шинжилгээ хийх, хяналт тавих эрх зүйн орчин байдаггүй.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Томчууд хүүхэд хүчиндээд шоронд орж байвал миний бодлоор тэр тариаг нь тарьчихмаар байгаа юм. Гэтэл хүний эрх гэж яриад байгааг ойлгохгүй. Сая Ж.Хунан гишүүний хэлж байгаа маш зөв. Хүүхдүүд хоорондоо үерхээд асуудал үүсвэл яах вэ гэж байна. Хоёр хүүхэд хоорондоо үерхээд бэлгийн харьцаанд орж байхад зөвхөн эрэгтэйг нь хорьж буй нь ямар учиртай юм бэ?