
Монгол Улсын иргэн Б.Бадамцэцэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний хувьд БНСУ руу хүүхдээ сэхээн амьдруулах тасгаас авч явсан. Хоёр жил БНСУ-ын Сөүлийн их сургуулийн эмнэлэгт эмчлүүлж байна. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 25 өвчний жагсаалт бий. Тэдгээрт л эмчилгээний 50 хувийг төрөөс өгнө гэсэн журам байдаг. Гэтэл тэр журамд нь байхгүй, Монголдоо эмчлүүлж чадахгүй байгаа хүүхдүүд яах юм. Жишээ нь манай хүүхэд таван эм уудаг. Таван эмийнх нь нь гурав нь л Монголд байдаг. Байнга уудаг эмийнх нь хоёр нь байхгүй. Дандаа гадаадаас эм захих уу.
Одоо охин маань түнхний хагалгаанд орох шаардлагатай байгаа. Монголд ирээд эмч нартай уулзахад эмчлүүлж байгаа улсдаа хийлгэхийг зөвлөсөн. Нөхөр бид хоёр БНСУ-д эмчилгээний визээр амьдардаг. Хийсэн боорцог, бүрсэн таргаа аваад Монгол тауны гадаа зогсож, охиныхоо эмчилгээний төлбөрийг бөөгнүүлчихгүй байхыг хичээдэг. Уг нь бол хууль бус. Би тэр улсад ажил хийх эрхгүй.
Амьдрахгүй ээ гэсэн хүүхдийг ард түмнээс 1000 төгрөг гуйж, талбай дээр гараад сайр идтэл зогсоод амьдруулчихлаа. Одоо би хүүхдээ аваад эх орондоо ирэхээр стандартын эмнэлэг байна уу. Солонгост байгаа тэр нөхөн сэргээх эмнэлэг байна уу. Охин минь уушгины асуудалтай. Уушгины тасагт байнгын хяналтад байх шаардлагатай гэсэн оноштой. Тийм хүүхдээ би агаарын бохирдолтой улсдаа яаж авч ирэх үү. Гэхдээ би хүний улсад шигдэж амьдармааргүй байна. Монгол гэсэн иргэншилтэй хүн Монголдоо л баймаар байна шүү дээ. Бидний төлөө бодлого боловсруулна, хийнэ, чадна гэсэн хүмүүс ажлаа хийгээч ээ. Би өнөөдрөөс эхлэн төв талбай дээр суулт зарлана” гэлээ.