
2018 онд дэлхий даяар зүрх судасны эмгэгийн улмаас нас барсан 55-64 насны хүмүүсийн 10 гаруй хувь нь хоолны хуванцар сав, саван, шампунь, гоо сайхны бүтээгдэхүүнүүд, хүүхдийн тоглоом зэргийг үйлдвэрлэхэд ордог фталат хэмээх химийн бодисоос болж нас барсан нь судалгаагаар тогтоогджээ.
Фталат нь титэм судсыг системтэйгээр үрэвсүүлснээр архаг хууч өвчнийг сэдрээж, ноцтой үр дагавар тэр дундаа үхэлд ч хүргэх аюултай гэдгийг Нью Йоркийн их сургуулийн дэргэдэх Анагаах ухааны Гроссманы сургуулийн хүүхдийн их эмч, хүн амын эрүүл мэнд судлаач профессор Леонардо Трасанде онцолжээ. Түүний хэлснээр фталат нь тестостерон дааварт нөлөөлдөг ба насанд хүрэгчдийн тестостероны дааврын хэмжээ буурах нь зүрх судасны эмгэгтэй болох эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Түүнээс гадна фталат нь нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны гажигтай хүүхэд төрөх, эр бэлгийн эсийн тоо буурах, гуурсан хоолойн багтраа, таргалалт, хавдрын өвчлөл үүсэхэд нөлөөлдөг аж.
Фталатыг сангийн хуванцар хоолой, шалны хулдаас, эмнэлэгт хэрэглэгддэг гуурс, хүүхдийн тоглоом, хоолны хуванцар сав, тавилга, автомашины хуванцар сэлбэг зэргийг үйлдвэрлэхдээ хуванцрыг илүү уян хатан, бат бөх болгохын тулд нэмдэг бол саван, шампунь, үсний лак, цацдаг үнэртүүлэгч, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг үнэрээ удаан барьдаг болгохын тулд фталатыг нэмдэг аж.
Хүмүүс агаарт дэгдсэн фталатыг амьсгалах үед мөн фталатын орцтой хуванцар савнаас хоол хүнс идэж ууснаар уг химийн бодис нь хүний биед нэвтрэн ордог байна.
Фталат бодисоос хол байхын тулд аль болох хуванцар эд зүйлс хэрэглэхгүй байх, хэт боловсруулсан хоол хүнсний хэрэглээгээ бууруулж, хуванцар савыг богино долгионы зуух, аяга таваг угаагчид хийхгүй байх нь зүйтэй аж.
Түүнчлэн
– Тос, саван, шампунь, угаалгын нунтаг, цэвэрлэгээний бодисууд сонгохдоо үнэргүйг сонгох
– Хоол хүнсээ зориулалтын шил, мод, шаазангаар хийсэн саванд хадгалах
– Жимс ногоог шинээр нь эсвэл хөлдөөснөөр нь авч хэрэглэх, консервлосон, савласан жимс ногооноос татгалзах
– Гараа тогтмол угаах
– No.3, No.6 эсвэл No.7 гэж дугаарласан хуванцар сав, баглаа бодолтой бараа бүтээгдэхүүнээс татгалзсанаар фталат бодис биед нэвтрэхээс сэргийлж болох аж.
Эх сурвалж:https://edition.cnn.com