
Японы аврагчид Фүжи уулнаас 27 настай залууг нэг долоо хоногийн дотор хоёр удаа аварчээ. Японы Шизүока мужийн цагдаагийн газраас мэдээлснээр өнгөрсөн мягмар гарагт аврагчид Фүжи ууланд авирах үедээ бие нь муудсан 27 настай хятад залууг 3776 м өндрөөс аварчээ. Уг явдлын дараа өнгөрсөн бямба гарагт тухайн залуу ууланд үлдээсэн гар утас, эд зүйлсээ авахаар дахин Фүжи уул руу гарсан ба дээш өгсөх явцад бие нь муудаж, аврагчид түүнийг 3000 м өндрөөс дахин аварчээ. Цагдаа нарын мэдээлснээр түүний биеийн байдал сайн байгаа аж.
Японы алдарт Фүжи уул руу 7-р сарын 10-наас 9-р сарын 10-ны хооронд л авирахыг зөвшөөрдөг ба авиралтын улирал эхлээгүй учраас уулын бүх замыг хааж, бүх тэмдэг тэмдэглэгээнүүдийг авч, нийтийн 00, анхны тусламжийн цэгүүдийг хаасан байгаа аж. Фүжи уул руу авирах гэсэн иргэд, жуулчдын тоо огцом нэмэгдсэн тул Шизүока, Яманаши мужийн эрх баригчид өнгөрсөн 3-р сард шинэчилсэн журмыг танилцуулжээ. Үүнд Фүжи ууланд өдөрт 4000 хүн л авирахыг зөвшөөрөх ба Фүжи ууланд авирах хүсэлтэй иргэд цахимаар бүртгүүлж, 4000 иений хураамж төлөх ёстой аж. Түүнээс гадна Фүжи ууланд гарч буй иргэд ууланд авирахад тохиромжтой хувцас, гутал өмсөөгүй, уух усаа хангалттай базаагаагүйн улмаас бие нь муудах, бэртэл гэмтэл авах явдал эрс нэмэгдсэн тул Фүжи уул руу авирах гэж буй иргэдэд аюулгүй байдлын сургалт орж, сургалтаар яригдсан зүйлсийг ойлгосон эсэхийг нь шалгаж, тест авах аж.