
Өнгөрсөн бямба гарагт Канадын Ванкувер хотод 30 настай эрэгтэй Филиппиний үндэсний баатар Лапу-Лапугийн өдрийг тэмдэглэхээр цугларсан иргэдийг машинаар дайрч, 5-65 насны 11 иргэний аминд хүрч, олон арван иргэдийг шархдуулжээ.
Ванкувер хотын цагдаагийн газраас мэдээлснээр сэжигтэн нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж өмнө нь хууль сахиулагчдын анхааралд өртөж байсан нэгэн аж. Хэрэг явдал азиуд олноороо амьдардаг Сансет дүүрэгт гарсан ба гэрчүүдийн мэдээлснээр хэргийн газарт цагдаа нарыг ирэхээс өмнө иргэд сэжигтнийг барьж саатуулсан байжээ.
2023 онд Бритиш Коламбиа мужийн засгийн газар филиппиний цагаачдын соёл урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж, жил бүрийн 4-р сарын 27-ны өдрийг Филиппиний үндэсний баатар Лапу-Лапугийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэхийг хуульчилсан аж. Уг баярын өдөр гудамж талбайд амьд дуу хөгжим эгшиглэж, филиппин улсын соёл уламжлал, хоол хүнсийг иргэдэд таниулах үйл ажиллагаа явагддаг аж.