
Нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг 1000 гаруй ТҮЦ бий болж эмх замбараагаа алдсанд үе үеийн Засаг дарга нарын уялдаа холбоогүй, эргэж буцсан гэнэтийн шийдвэрүүд буруутай. Одоогийн байдлаар 800 гаруй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлээд буй ч, шөнийн цагаар бусдын амьжиргаагаа залгуулдаг хөрөнгийг нурааж, сүйтгэж байгаад олон нийт бухимдалтай байна.
Тодруулбал,
- Э.Бат-Үүл ТҮЦ-ийг модон болгох стандарт баталж байсан бол
- С.Амарсайханы үед Umoney үйлчилгээ нэвтэрч, төмөр ТҮЦ-тэй болгосон
- 2022 онд хотын дарга асан Д.Сумъяабазар ТҮЦ эрхлэхэд зөвшөөрөл авахгүй байх зохицуулалт хийж ТҮЦ эрхлэгчдийг баярлуулаад амжсан бол
- Хотын дарга Х.Нямбаатар ТҮЦ-үүдийг албадан ачиж иргэдийг цочроогоод байна.
Х.Нямбаатар дарга энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ, “Мэдээж олон хүний амьжиргаа яригдаж байгаа учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Бид эхний ээлжид Нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн Нарантуул, Хархорин зэрэг зах худалдааны төвүүдэд лангуу түрээсэлж, бүтэн жилээр нь төлбөрийг нь төлж өгье гэдэг санал тавьсан ч ТҮЦ-ээ ажиллуулмаар байна гэдэг зүйл ярьж байна. Хотын зүгээс ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоохгүй. Нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлж, иргэд чөлөөтэй зорчиход саадгүй зам талбайг чөлөөлж авна. Бүх улс төрийн дайралт, гал нь над руу ирж байгаа. Гэсэн ч ТҮЦ-үүдийг ачиж дуусгах ёстой. Нэг ч хүний ТҮЦ-ийг үлдээж болохгүй” гэсэн юм.
Өмнөх дарга нарынхаа шийдвэрийг ийнхүү баллуурдсаар, эргэж буцсан ойлгомжгүй байдлын цаана иргэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хавчигдаж байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 05. УИХ-ын хаврын чуулганы нээлт.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
Хоёр. Төсөв “тасарсан” ч, УИХ-ын гишүүд үр ашиггүй асуудлуудыг хэлэлцсээр…
Энэ оны эхний гурван сарын байдлаар төсвийн орлого 350 гаруй тэрбум төгрөгөөр буурсан. Төсөв тасрах шахсан энэ нөхцөлд УИХ-аар үр ашиггүй гэж хэлж болохуйц онгоцны түлш, евразийн гэрээний асуудлыг хэлэлцэж байгаа нь олны бухимдлыг төрүүлээд байна.
ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох иргэний санаачилга, 100 мянган иргэний саналыг авч, хуулийн төсөл санаачлах асуудлыг иргэд хуруу даран хүлээж байна. 76-126 болсон УИХ-ын гишүүд нийтийн эрх ашгийн асуудлыг хөндөх бус өдөр хоногийг аргацааж хуралдсаар байгаа нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байлаа.
Энэ сарын 24-нд УИХ-ын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудал гол сэдэв байлаа. Хэвлэлийн эрх чөлөө бол бидний ардчилал. Таны миний мэдэх эрхийн асуудал мөн.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад багтсан “но”-той заалтуудыг Өрөг.мн-ийн сурвалжлах баг танилцуулсан. Энд дарж уншина уу.
-Тендер зарлаж өөрсдийгөө сурталчлуулах тактик-
Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааг тусгайлан сурталчлуулах бол тендер зарлаж, сонгон шалгаруулж ажлаа хийлгэнэ. Хамгийн ноцтой нь тендерийн шалгаруулалтад тэнцсэн хувь хүн болоод хуулийн этгээдээр яг хэдэн төгрөгөөр сурталчилгаа хийлгэхийг нь Засгийн газар шийднэ. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газартай, яамнуудтай нь ойр, хань хамсаатан найзуудад нь л энэ тендер олдох магадлалтай.
-Гахай илүү эрхтэй-
Монгол Улсын тухай албан ёсны мэдээллийг олон улсад түгээх, сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ хэвлэл мэдээллийн байгууллага нь арилжааны үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд улсын хэмжээнд нэг байж Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд үйл ажиллагаагаа явуулахаар заажээ.
-Хулгайч л хүний халаас тэмтэрдэг-
Хэвлэл мэдээллийн байгууллага нийтлэл, нэвтрүүлэг хүргэхдээ захиалгат, эсхүл төлбөртэй болохыг тодорхой илэрхийлэх тэмдэглэгээ хэрэглэж, захиалагчийн, эсхүл төлбөр төлсөн этгээдийн нэрийг дурдана” гэж зааж өгчээ. Нэг талаас ямар төрийн байгууллагаас их мөнгө төвлөрч буйг олон нийт нээлттэй харах боломж нь үүгээр бүрдэж байж болох ч тухайн редакцын халаас руу хэт өнгийж, тэмтрэх гэсэн дүр зураг ажиглагдаж байна.